Аймгуудын хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн мягмар гарагт болдог. Энэ долоо хоногийн шуурхай хурлаар Өвөрхангай аймгийн Засаг даргаас нэгэн сануулгыг агентлагийн дарга нарт өглөө. Энэ нь төрийн албан хаагчдыг солих, халах тухай юм. Тэрээр эдийн засгийн хямралтай, цалингийн зээлтэй энэ хүнд үед ажилчин, алба хаагчдаа халахгүй, цомхотгохгүй байхыг анхаарууллаа. “Би аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа аль болох хүн халахгүй гэж бодож байгаа. Гэтэл байгууллагуудад халсан, солигдсон гэх асуудал их гарч байна. Ажлын хариуцлагатай холбоотой байдаг л байх, гэхдээ үүнийг шалтаг болгоод байна. Улс төрийн нөлөөлөл ч орж байна. Юу ч нөлөөлсөн бай, хүний амьдралаар тоглосон шийдвэр гаргаж болохгүй. Цалин хасах, албан тушаал бууруулах гээд авч болох арга хэмжээнүүд олон байна. Манай төрийн албан хаагчдын 92 хувь нь цалингийн зээлтэй, гар дээрээ цалингаа авдаг хүн ер нь цөөхөн шүү. Тэтгэвэр авагчдын 85 хувь нь зээлтэй байна. Зээлээс зээлний хооронд амьдарч байгаа нөхцөлд хүн ажлаас халах асуудлаа больмоор байна” хэмээн сануулсан байна.
Эх сурвалж: Uvurkhangai.com