Дэлхийн хэмжээнд 4300 орчим тоо толгой байгаа цоохор ирвэсийн 60 нь Өмнөговь аймагт байгааг дүрс бичлэгийн тооллогын тусламжтай тогтоосон байна.
Тухайлбал, Гурвантэс сумын Тостын нуруунд 26 бие гүйцсэн ирвэс, зургаан зулзага буюу гүем нийт 32-34 ирвэс, Сэврэй сумын Сэврэй ууланд нас бие гүйцсэн 17 ирвэс байгаагаас нэг эм ирвэс, хоёр зулзагатай, Ноён сумын Хүрэн ханын хэцэд зургаан бие гүйцсэн ирвэс, дөрвөн зулзага байгаа нь тогтоогджээ. Ирвэсэнд камер зүүх нь зөвхөн ирвэс тоолоод ч зогсохгүй өөр бусад ан амьтны тоо хэмжээг баримжаалах, хулгайн анчдыг барих зэрэг давуу талтай байдаг байна.
Мөн ирвэсэнд идүүлсэн малын хохирлоо барагдуулах даатгалын санг малчид өөрсдөө байгуулдаг юм. Өнгөрсөн оны хагас жилд Тостын нуруу орчмын 26 өрх даатгалд оролцож нийт 3465 бог, 170 бод даатгуулснаас нэг богийг 1000 төгрөг, нэг бодыг 10000 төгрөгөөр тооцон 5.165.000 төгрөгийн даатгалын хураамж даатгалын сандаа хуримтлуулжээ.
Өнгөрөгч өвөл нийт таван бод, 26 бог алдсанаас ирвэсэнд зургаа, чононд 25 мал тус тус бариулсан юм байна. Ирвэсэнд бариулсан малын хохирлын 80 хувийг “Ирвэс хамгаалах сан”-гаас, 20 хувийг малчдын даатгалын сангаас олгож байна.
Эх сурвалж: mnb.mn