Өнөөдөр буюу манай цагаар 8 цаг 20 минутын үед нар бүрэн хиртлээ. Хиртэлт Индонез улс болон Энэтхэг, Номхон далайн зарим хэсгийг хамарсан 100-150 км өргөн зурваст үзэгдсэн талаар АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА мэдээлж байгаа юм. Төв Азийн манай орны хувьд нар хиртэлт ажиглагдаагүй, харин Өмнөд болон Зүүн Азийн зарим бүс нутаг, тухайлбал Хятадын өмнөд хэсэг, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, мөн Австралийн хойд болон зүүн хэсэгт нарны тал хиртэлтийг ажигласан байна.
Ямар бүс нутагт байгаагаас хамаарч нар хиртэлтийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Гэхдээ ерөнхийд нь авч үзвэл, энэ удаагийн нар хиртэлт нийтдээ 3 цаг орчим үргэлжилэнэ хэмээн судлаачид таамаглаж байсан. Хиртэлт бүс нутгаасаа хамааран 90 секундээс 40 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн. Индонезийн Суматра арлын 1,7 сая хүн амтай Палембанг хотод бүтэн нар хиртэлт хамгийн эхэнд үзэгджээ.
Индонезийн эрх баригчид нар хиртэлтийг жуулчдыг татах бас нэгэн хэрэгсэл болгон ашиглаж байгаа тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлж байна. Бүтэн нар хиртэлт харьцангуй ховор ажиглагддаг учраас энэ ховор үзэгдлийг сонирхох жуулчид, мөн судлах зорилготой эрдэмтэд нарны бүтэн хиртэлт ажиглагдах улс орнуудыг зорьж очдог уламжлал тогтоод байгаатай энэ нь холбоотой юм.
Үүнээс гадна зарим орны аялал жуулчлалын агентлагууд нарны бүтэн хиртэлт хамгийн удаан хугацаатай ажиглагдах далайн бүсэд хөлөг онгоцоор сонирхогчдыг аваачих үйлчилгээ мөн газар авч байна. НАСА-гийн мэдээлснээр Филиппиний зүүн эргийн ойролцоох Номхон далайн бүс нутагт энэ удаагийн нарны бүтэн хиртэлт хамгийн удаан буюу 4 минут 9 секундын турш үзэгджээ.
эх сурвалж: өдрийн сонин