АСЕМ-д 23 орны төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ

Ирэх долоодугаар сард болонх АСЕМ-ын уулзалтыг угтаж долоо хоногийн пүрэв гараг бүр 11.00 цагт тус уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байхаар болжээ. Манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээллийн эхэнд дуулгав.

557d02f6ad534953999361f1fe90e0b3_x3

Тэрбээр “АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд 10 гаруй арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд үүний хамгийн эхний арга хэмжээ нь Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт юм. Энэ уулзалт тухайн орны парламент байрладаг ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ дагуу Төрийн ордонд 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана” гэв. Энэ удаагийн АСЕМ-ын дээд түвшний уулзалт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Тиймээс энэ ойг тохиолдуулан парламентын түншлэл энэ уулзалтад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцахаар Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Түүнчлэн энэ үеэр улс төр, эдийн засаг болон нийгэм, соёлын чиглэлийн хоёр салбар хуралдаан болно.

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтад оролцох урилгыг АСЕМ-ын гишүүн 51 орны парламентын дээд, доод танхимуудын дарга нар, олон улсын 2 байгууллагад албан ёсоор хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй төлөөлөгч тус уулзалтад оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний дотор 3 орны парламентын дарга, 6 орны парламентын дэд дарга оролцох юм байна.

Монгол Улсын Их Хурлаас www.asep9.parliament.mn цахим хуудас ажиллуулж байгаа бөгөөд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаарх ерөнхий мэдээлэл, хөтөлбөр болон уулзалтад оролцох төлөөлөгчдөд зориулсан зөвлөгөө мэдээллийг багтаасан байна.

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтад нийтдээ 250 орчим төлөөлөгч оролцоно хэмээн тооцож бэлтгэл хангаж байгаа бөгөөд МИАТ компанийн Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгтэй хамтран ажиллаж байгаа аж. Мөн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Төрийн ордны Их танхим болон уулзалт болох танхимуудын засвар үйлчилгээ төлөвлөгөөт хугацааны дагуу үргэлжилж байгаа аж. Түүнчлэн олон улсын хуралдаан зохион байгуулах нөхцлийг хангах үүднээс хуралдаанууд болох танхимуудыг орчуулгын орчин үеийн техник хэрэгслээр тоноглоод байгаа талаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын шуурхай ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр зохион байгуулж байгаагаа дуулгаад, нээлттэй болж буй хуралдаан, уулзалтуудыг олон нийтэд хүргэх талаар мэдээлсэн юм.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …