Египетийн гадаад хэргийн сайд асан Ахмед Абул Гейт Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо. Арабын холбооны гишүүн 22 орны гадаад хэргийн сайд нар холбооныхоо шинэ тэргүүнийг сонгохоор Пүрэв гарагт хуран цугласан байна. Гэхдээ энэ албан тушаалд Египетийн гадаад хэргийн сайд, мөн Египетээс НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албыг хашиж байсан Абул Гейтээс өөр нэр дэвшигч байгаагүй учраас сонгуулийн үр дүн тодорхой байсан юм. 2011 оноос эхэлсэн арабын хувьсгалаас үүдэлтэй хагарал зөрчлөөс шалтгаалан Арабын холбоо сүүлийн жилүүдэд нэр нөлөөгөө алдаж байгаа.
Гэхдээ Саудын Араб тэргүүтэй суннит шашинтны эвсэл Йемен, Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа одоогийн нөхцөлд тус холбоог сайн тэргүүний гарт атгуулснаар бүс нутгийн нэгдмэл тогтвортой байдлыг хадгалахад чухал дэм болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Арабын холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг олон сорилт хүлээж байна. Энэ асуудлын тэргүүнд 2011 оноос хойш 5 жил үргэлжилж, 270 мянган хүн амь үрэгдсэн Сирийн дайн зүй ёсоор бичигдэж байна. Тус дайнд Арабын холбооны гишүүн орон Саудын Араб болон бүс нутгийн бас нэгэн гол тоглогч болох Иран улс 2 өөр талд дэмжлэг үзүүлж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлээд байгаа юм.
Үүнээс гадна Арабын холбооны шинэ тэргүүнийг ихэвчлэн нэр дэвшүүлдэг уламжлалтай Катар, Египет гэсэн хоёр орны харилцаа хүйтрээд байгаа. Төрийн эргэлтээр түлхэгдэн унасан Египетийн өмнөх ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн Исламын ахан дүүс хөдөлгөөнийг дэмжсэн гэж Каирийн зүгээс Дохаг буруутгах болсон байна. Үүний шалтгаан нь Исламын ахан дүүс хөдөлгөөнийг нухчин дарах ажиллагааг Катар удаа дараа шүүмжилж ирсэнтэй холбоотой.
Эх сурвалж: Mnb.mn