Б.Ойдов: Монгол цэрэг

145826083356eb4b613ee8c

МОНГОЛ ЦЭРЭГ

Хүлэг морьдоо цуцтал хүйхрэн довтолж явсан
Хөндий талыг доргитол хөнөөлдөн тэмцэлдэж ирсэн
Хүн гүрнээс улбаатай хүчирхэг монгол цэргийн
Хүндэт суу алдрыг хөхиүлэн шагнаж дуулмуй!

Гахай хадрах, нохой хэрэх, цүүц хатгах
Гайхамшигт цэргийн урлагийг ганцхан дайралтаар ноцож
Бухар, Самарканд, Арабын ертөнцийг донсолгосон
Будант тэнгэрийн зардас-Эзэнт гүрний монгол цэрэг

Чиг зүггүй тэмцэлдсэн Баруун, Зүүн гурван түмнийг
Чинхүү дайчин ухаанаар амиа золин нэгтгэж
Чингисийн төрийн голомтыг дахин сэргээж бадраасан
Чилгэр баатруудын өлгий-Мандухай хатны монгол цэрэг

Мах цусны тасархай-Амарсанаа, Чингүнжавын уухайгаар
Магад үнэний баталгаа, тусгаар тогтнолоо сэргээхээр
Махир сэлмээ эргүүлээд “Бээжин ноёд”-ыг сандаргасан
Мятрашгүй тэмцлийн манлай-Манжийн үеийн монгол цэрэг

Үндэсний эрх чөлөөний арван нэгэн оны тэмцэл
Өвөрлөгч түмнээ чөлөөлөх “Гурван замын байлдаан”-д
Өрлөг жанжин хийгээд “Манлай”, “Хатан” баатруудыг
Үнэнхүү зоригоор нь тодруулсан-Богд хааны монгол цэрэг

Манарсан дайны хөлд сүйдсэн улсаа аврахаар
Намирсан тугийн дор сүрлэг жагсаалаар хөдөлж
Нөмөрсөн гамин, бароныг сүрэглэн довтолж хөнөөсөн
Нүргэлсэн хувьсгалын уухай-Сүх жанжны монгол цэрэг

Баруун, зүүн хязгаарыг элбэн тохинуулахын хамтаар
Байтаг богд, Халхын гол, Чөлөөлөх дайны
Баатарлаг гавъяа шагналыг энгэр дүүрэн яралзуулсан
Бадрангуй тэмцлийн буухиа-Дөчөөд оны монгол цэрэг

Дарийн утаа, хүйтэн дайны аюулыг сөрж
Дархан хилээ нүд цавчилгүй манахын сацуу
Дардан зам тавьж, үйлдвэр барилга сүндэрлүүлсэн
Давшингуй хөгжлийн талбар-Далаад оны монгол цэрэг

Тэнгис далай, сансар огторгуйд хөрвөх чадал бүхий
Тив дэлхийн шилдэг дайчидтай мөр зэрэгцэж
Африкийн шугуй, Арабын цөлийг ажиггүй туулаад ирсэн
Амгалан энхийг сахиулагч-Өнөө цагийн монгол цэрэг

Хүлэг морьдоо цуцтал хүйхрэн довтолж явсан
Хөндий талыг доргитол хөнөөлдөн тэмцэлдэж ирсэн
Хүн гүрнээс улбаатай хүчирхэг монгол цэргийн
Хөгжил дэвшил, туулсан замнал хосгүй яа!

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …