Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагууд мэдээлэл хийв.
Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт тавьж буй “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ынхан ил задгай хог хаяж орчныг бохирдуулж байгаа 24 Сууц өмчлөгчдийн холбоо, 48 аж ахуйн нэгж, 28 түргэн үйлчилгээний цэг нийт 108 байгууллагад мэдэгдэх хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулсан.
“Баянгол шинэ өргөө” тээвэрлэлт үйлчилгээний компани хог ачилтын хуваарийг хороо бүрийн онцлогт тохируулан плакат хэлбэрээр хэвлэн оршин суугчдад тараасан нь ил задгай хог хаягдлыг багасгасан үр дүнтэй ажил болсныг онцоллоо.
Харин Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийг хариуцсан “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” Чингэлтэй дүүрэг нийтийн эргүүл ажиллуулснаар хог хаягдалтай холбоотой мэдээлэл цаг алдалгүй холбогдох байгууллагуудад хүрч арга хэмжээ авч ажиллан иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж ил задгай хог хаядаг сэтгэхүйг нь өөрчлөхөд анхаарч ажиллаж байгаа гэв.
Баянзүрх дүүргийг хариуцсан “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо” ТББ тус дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн өргөн чөлөө, Баянзүрхийн гүүрний авто зогсоол, Хужирбулангийн 25-р гудамж, 8 дугаар хорооны Авто тээврийн вокзал, 19 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн урд, 22 дугаар хороо Алдар спорт хорооны зүүн талд иргэд хог их хаяж байна. Эдгээр байршлуудыг хогийг багасгахад анхаарч ажиллаж байна. Иргэдэд таны хаясан хог орчныг бохируулж агаар хөрсөөр дамжин бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг ойлгуулахад анхаарч ажиллаж байна” гэв.
Энэ үеэр хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагууд иргэдийн бүлэг ажиллаж байхад ил задгай хог хаягдал багассан бөгөөд дахин иргэдийн бүлэг ажиллуулах шаардлагатай байна гэсэн хүсэлт тавилаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт зохион байгуулж буйтай холбогдуулан явах зам маршрутын дагуу хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, арчилгаа цэвэрлэгээ хийх, зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл гэмтлийг засварлахыг үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.