Зүүн хүрээ хотхоны оршин суугчид бухимдалтай байна. Тэдний ундандаа хэрэглэж буй ус, өөрөөр хэлбэл цоргоор гоожиж байгаа ус зэв, тосондоо баригдсан, уух нь битгий хэл хувцасаа угаахад хүртэл дэндмээр байгаа тухай учирлан ярьцгааж байна. Зүүн дөрвөн замын хаяанд сүндэрлэн боссон уг хотхон “Таван өндөр” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд, иймэрхүү “байхуу цай” маягийн өнгөтэй ус цоргоор гоожоод аль хэдийн сар гаруй хугацаа өнгөрсөн ажээ.
Энэ хугацаанд цэвэр усны төлбөрийг хэрэглэгчдээс ямар ч суутгалгүйгээр тооцож авсан байна. Харин өнөөдрийг хүртэл оршин суугчид мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргалгүйгээр байдал дээрдэхийг хүлээн суужээ. Тэдний хэлж байгаагаар уг хотхон нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй бөгөөд, “Таван өндөр” ХХК өөрсдөө усаа доороо халааж орон сууцныхаа шугам сүлжээгээр дамжуулдаг гэнэ. Мөнгө хэмнэх гэсэн арга уу, эсвэл чанар муутай материал сонгосных уу, ийнхүү ашиглалтад ороод 2 жил ч болоогүй уг хотхон доголдол гаргаж, үүнийгээ засч залруулахгүй байгаад оршин суугчид бухимдалтай байгаагаа биднээр дамжуулан илэрхийлсэн юм.
“Зүүн хүрээ шилгээн” хотхон гэх сүржин нэртэй энэхүү хотхоны оршин суугчид энэ байдлаараа ундны уснаасаа хордох аюул цаг зуурын асуудал болоод байгааг “Таван өндөр” ХХК, мэргэжлийн хяналтын байгууллагууд анхааралдаа авна уу.
эх сурвалж: hunnu.mn