“Лалын улс” бүлгийг санхүүжүүлэх зорилгоор мөнгө цуглуулсан хэргээр 16 настай сурагч охин шүүхэд дуудагдаад байна.
Австралийн цагдаа нарын хэлж буйгаар энэ төрлийн үйл ажиллагаа өсвөр насныхны дунд “түгээмэл дуурайх чиг хандлага” болж байгаа аж.
Сурагч охиноос гадна, 20 настай залуу Сиднейд баривчлагдан, шалгаж байгаа гэж Өмнөд Уэльсийн цагдаагийн газрын орлогч комиссар Катерин Бёрн сэтгүүлчдэд ярьжээ. Энэ төрлийн гэмт хэрэг буюу террорист бүлгийг санхүүжүүлсэн хэргийн хамгийн дээд ял 25 жил хүртэл хорих ял байдаг ажээ.
Дээрх этгээдүүд хэдий хэр хэмжээний мөнгө цуглуулсан гэдгийг тодорхой хэлээгүй боловч Австрали улсад мөнгө босгож, террорист бүлгийг санхүүгийн хувьд дэмжих хүмүүсийн тоо нэмэгдсэн талаар Катерин хэлсэн байна.