ССАЖЯ-наас “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар тус яамны сайдын тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг суурилуулжээ.
Тус яам нь Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төвд кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээж, кино үзвэрийн жишиг цэгийг байгуулах төсөлт ажлыг хэрэгжүүлээд байна. Энэхүү ажлын гүйцэтгэлийг дүгнэхээр ажлын хэсгийн хамт олон энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд суурилуулсан кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж, кино үзвэрийн жишиг цэгтэй газар дээр нь очиж танилцсан байна. Орон нутгийн соёлын төвд кино үзвэрийн цэг байгуулснаар орон нутгийн иргэд Монголын болон дэлхий дахинд нээлтээ хийсэн шилдэг кинонуудыг нийслэлийн иргэдтэй нэг цаг хугацаанд дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх боломж бүрдэж байгаа юм.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Баянгол, Жавхлант, Ерөө, Хэнтийн Биндэр, Батноров, Бор-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнодын Булган, Төвийн Батсүмбэр, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хархорин, Баянхонгорын Баянцагаан, Баянбулаг, Дундговийн Өлзийт, Булган аймгийн Булган, Хөвсгөлийн Хатгал, Тариалан, Увсын Ховд сум, Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт кино үзвэрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулаад байна.
Эдгээр аймгийн сумын соёлын ордонд одоо орон нутгийн иргэд кино үзэх бүрэн боломжтой болсон бөгөөд цаашид бусад аймгийн сумуудыг ч кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж, кино үзвэрийн цэгтэй болгохоор төлөвлөж байгаа ажээ.
З.Байгалмаа ugluu.mn