Гуравдугаар сард Forbes дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтанд багтсан баячуудын ихэнхи нь 50 нас давсан ч залуучууд буюу технологийн саятнууд гэх шинэ эрин хүч түрэн гарч ирж байна – тэд 45 наснаасаа өмнө баяжжээ. Тэдгээрийн ихэнх нь гоонь эрчүүд.
Сергей Брин, Google компанийг үндэслэгч Улс: АНУ Нас: 42 Хөрөнгө: $36,5 тэрбум Жагсаалтын дугаар: 13 Тэрээр Москвад төрсөн бөгөөд 6 настайдаа эцэг эхийн хамт АНУ руу цагаачилжээ. Брин – Google компанийг үндэслэгчдийн нэг, тэрээр компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлынхаа албыг хамтрагч Ларри Пейжид шилжүүлэн өөрөө нууцлаг үйл ажиллагаа явуулдаг Google X хэлтсийг удирдахаар болжээ: ирээдүйг зөгнөсөн санааг бодит болгох зорилгыг өвөртлөн тэрээр жолоочгүй машин, нэмэлт бодит байдлыг мэдрүүлэх нүдний шил зэргийг санаачлан бүтээсээр байгаа юм. Мөн түүний удирдлага дор контакт линз болон Google glass гээд шинэ нээлтүүдийг хийх ажлууд эхэлжээ. 2013 онд Бринийн нэр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс салахаа байсан: Google-д ажилладаг нэгэн залуу бүсгүйтэй учир ургуулсан тул эхнэр Анна Войжитскийгээс 6 жилийн хамтын амьдралын дараа салжээ. Хууль ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байгаа, тэд дундаасаа 2 хүүхэдтэй юм. Гэр бүлийн салалт нь Google-ийн хувьцааны үнэд нөлөөлөхгүй, яагаад гэвэл тэд гэрлэлтийн гэрээ байгуулсан байжээ. Бринийн эхнэрийн эгч Сьюзен Войжитски Google компанийн реклам, худалдаа хариуцсан орлогч захирлын алба хашдаг. Сергей, Анна хоёр хамтран хэд хэдэн сайн үйлсийн сан байгуулж хамтран үйл ажиллагааг нь явуулдаг. Жишээ нь, тэдний Breakthrough Prize Foundation нь шинжлэх ухааны ажилд зориулж жил болгон 15 сая доллар хандивладаг байна. Google болон Брин хувиасаа 23andMe компанид хөрөнгө оруулсан, Войжитски мөн үүсгэгчдийн нэг юм. Уг компани нь генетикийн удамшлаар дамждаг өвчнийг тодорхойлох тестийн худалдаа эрхэлдэг ажээ.
Элон Маск, Tesla Motors компанийг үндэслэгч Улс: АНУ Нас: 44 Хөрөнгө: 12,9 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 49 Энэ залуу Өмнөд Африкаас гаралтай, хар багаасаа программчлал зүй сонирхож байсан бөгөөд 12 насандаа Blast Star тоглоомоо 500 доллараар зарж анхныхаа бизнес гараагаа эхлүүлсэн нэгэн. Ирээдүйн тэрбумтан мөнгөөрөө эмийн үйлдвэрийн компанийн хувьцаа худалдан авч, хэдэн жилийн дараа нилээд хэдэн мянган доллараар заржээ. Тэр мөнгөөрөө эцэг эхээсээ зөрөн байж 17 насандаа Канадын иргэн болж Кингстоны Хааны коллежид элсэн суралцжээ. 2010 онд Tesla Motors-ын IPO гаргасан юм. Элоны хөрөнгө өдрөөс өдөрт өссөөр байгаа – люкс ангиллын автомашины үйлдвэрийн хувьцаа өсөж байна. Тэрээр нарны панель үйлдвэрлэж зах зээлд гаргадаг SolarCity компанид хөрөнгө оруулсан. Тус компанийг Элоны үеэл дүү Линдон Рив үүсгэн байгуулсан ажээ. Тэрээр мөн сансрын хөлөг SpaceX-ийг угсардаг үйлдвэртэй, НАСА-тай 1,6 тэрбум долларын гэрээ байгуулжээ. Тэрбумтны мөрөөдөл бол – Улаан нүдэн гариг. Маск хоёр ч удаа гэр бүл зохиож байсан. Анхны эхнэр Жюстинтэй коллежид байхдаа танилцаж, төд удалгүй 5 хүүхдийн эцэг эх болцгоожээ. Тэд 2008 онд гэр бүлээ цуцлуулсан. “Түүний сул талыг буруутгаад хэрэггүй дээ. Тэр сул тал гэх үү дээ, тэр л зан чанар нь түүнийг ийм өндөрт гарахад нь тус болсон юм. Тэр зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдрахыг хүсдэг, буулт хийнэ гэж байхгүй, тэгээд ч түүнд элдэв аар саар зүйлд зарцуулах цаг ч байхгүй” гэж өөрийнхөө блогт Жюстин бичжээ. Тэр жилээ Британийн нэгэн жүжигчин бүсгүйтэй гэр бүл болсон ч 2 жилийн дараа салцгаасан юм.
Ян Кум, WhatsApp-ыг үүсгэн байгуулагч Улс: АНУ Нас: 40 Хөрөнгө: 9,2 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 129 Украин гаралтай Ян Кум 16 настайдаа ээжтэйгээ АНУ-д цагаачилсан бөгөөд тусламжийн орон сууцанд амьдардаг байжээ. Ээж нь хүүхэд асрагч хийнэ, залуу Ян шал шүүрдэж багахан ч гэсэн мөнгө олохоор хөдөлмөрлөнө. Ээж нь хорт хавдар тусахад ээжийнхээ тэтгэмжээр амьдрах болжээ. Кум компьютер сайн мэддэг байсан тул Yahoo-д аюулгүй байдлын инженерээр ажилд оржээ. Кум 9 жилийн турш Yahoo–гийн нэг үндэслэгчийн удирдлага доор ажиллаж байгаад 2007 онд ажлаасаа гарсан. 2009 онд WhatsApp-ыг үүсгэн байгуулсан нь одоо 600 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна. 2014 онд WhatsApp-ыг Facebook 19 сая доллараар худалдан авах хүсэлтэй байгаагаа зарлажээ. Кум Facebook-ийн ТУЗ-ийн гишүүнд багтсанаас гадна Ерөнхий захирлын албыг хашиж эхэлжээ, түүний жилийн цалингийн хэмжээ 1 сая доллар ба 2 сая долларын хувьцааны багц эзэмшжээ. Хэвлэл мэдээллийнхнээр бол Кум 25 настай залуухан загвар өмсөгч бүсгүйтэй найзалж байгаа гэжээ.
Хулио Марио Санто Доминго III, дижей, SABMiller шар айрагны үйлдвэрийн өв залгамжлагч Улс: АНУ Нас: 30 Хөрөнгө: 2,4 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 722 Нью-Йоркийн дижей хөрөнгөө 2011 онд өөд болсон өвөө Хулио Марио Санто Доминогоос өвлөж авсан юм. Доминго III-ийн өвөө нь Колумбын шар айрагны үйлдвэрээрээ SABMiller-ийн хувьцааны 15%-ийг 2005 онд худалдан авчээ. Шар айрагны магнат өөрийн хөрөнгөө Америкийн баячуудын тоонд багтах төрсөн хоёр хүүдээ өвлүүлснээс гадна ач зээ нартаа зургааны нэгтэй тэнцэх хөрөнгө үлдээжээ. Доминго III-ын эцэг 2009 онд өөд болсон ба тэрээр 50 000 гаруй уран бүтээл туурвиснаас гадна сэтгэл зүйн эмчилгээ хүн болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлсэн бүтээл ч бичжээ. Мөн хар тамхи татах соруулын хамгийн их цуглуулгатай хүн байжээ. Харин Доминго III 2015 он гэхэд хөрөнгөө нилээд өсгөөд авсан байв: учир нь Anheuser-Busch InBev шар айрагны өрсөлдөгч компани нь SABMiller-ийг худалдан авах тухай мэдээ тархаж тэдний хувьцааны үнэ огцом өссөн байна.
Том Перссон, H&M-ийн үндэслэгчийн өв залгамжлагч Улс: Швед Нас: 31 Хөрөнгө: 2,4 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 722 Том Перссон – H&M сүлжээ дэлгүүрийн “хямдхан хувцасаар” хөрөнгөө арвижуулсан гэр бүлийн төлөөлөл. Түүний өвөө Эрлинг Перссон компанийг 1947 онд байгуулжээ. Том Персоны ах Карл Йохан компанийн гүйцэтгэх захирал, эцэг Стефан Перссон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Шведийн хамгийн баян хүн. Эгч, ах, үеэл эгч болон Томын аав – бүгд тэрбумтнууд. Залуу Том өөрөө Стокгольмд амьдарч киноны салбарт хүчээ үзэж байна.
Эван Шпигель, Snapchat-ыг үндэслэгчдийн нэг Улс: АНУ Нас: 25 Хөрөнгө: 2,1 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 854 Эван Шпигель Америкийн чинээлэг гэр бүлд өсөж, Стэнфордод суралцаж байхдаа бизнест хүчээ үзэхээр оюутан нөхдүүдтэйгээ нийлж бизнес санааг идэвхтэй эрэлхийлж байв. Залуу бизнес эрхлэгчдийн анхны санаа Picaboo. сервис – хэсэг хугацааны дараа “өөрөө өөрийгөө устгах” гэрэл зураг солилцох программ. Уг программыг зөвхөн хэсэг бүлэг залуучууд л ашиглах нь тодорхой болжээ. Төсөл амжилтгүй болох нь тодорхой болсон тул оюутан андууд хоорондоо маргалдсаар өөр өөрийн замаа хөөжээ. 2011 оны намар AppStore-т Picaboo. дээр суурилагдсан Snapchat гарч ирсэн бөгөөд залуучуудын дунд амжилттай ашиглагдсан юм. Өнөөдөр уг аппликейшнийг 100 сая гаруй хүн ашиглаж харин Шпигель Forbes-ийн хамгийн залуу баячуудын тоонд багтжээ. Шпигель 2013 онд Facebook-ийн саналаас татгалзсан: Зукерберг Snapchat-ыг 3 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан байна. 2015 онд Snapchat 538 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Forbes-ийн тооцоогоор Шпигель болон Мерфи компанийн хувьцааны 13 болон 11 хувийг тус тус эзэмшдэг аж. Дам яриагаар, 25 настай тэрбумтан Орландо Блумтай гэрлэж байсан залуухан загвар өмсөгчтэй найзалж байгаа гэжээ.
Роберт Пера, Ubiquiti Networks-ийн үндэслэгч Улс: АНУ Нас: 38 Хөрөнгө: 2 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 906 Роберт Пера ажлынхаа гарааг 2003 онд Apple компанид инженерээр эхлүүлжээ. Хоёр жилийн дараа Жобсын компанийг орхиж өөрийн компаниа байгууллаа – Ubiquiti Networks. Залуу тэрбумтан нэгэн ярилцлагадаа: “Apple бол агуу компани, гэхдээ би илүү богино хугацаанд ихийг хийхийг хүссэн юм” гэжээ. Перагийн компани программ хангамж болон харилцааны технологийн системийн үйл ажиллагаа хариуцан ажилладаг, бага зардлаар ихийг хийхийг зорьж байна. Тэдний бараа бүтээгдэхүүнд Wi-Fi дохиог нэмэгдүүлэх, 36 милийн радиуст 10-10000 хэрэглэгч интернэт ашиглах боломжтой болгох тоног төхөөрөмж зэрэг багтана. Пера 34 насандаа тэрбумтан болжээ. Ubiquiti Networks компанийн хувьцаа 2012 онд зах зээл дээр сүрхий унасан, үүний учир шалтгаан нь Хятадын дистрибьютер нь хуурамч бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг мэдэж Пера тэднийг шүүхэд мэдүүлжээ. Пера шүүх дээр ялалт байгуулж Хятад түнш нь таван жилийн хорих ял авчээ. Пера мөн сагсан бөмбөгийн Memphis Grizzilies багийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд багийн менежментийн ажилд идэвхитэй оролцдог байна. Пера одоогоор гэр бүлгүй, хувийн амьдралаа ил байлгахыг хүсдэггүй нэгэн.
Бобби Мерфи, Snapchat-ыг үндэслэгчдийн нэг Улс: АНУ Нас: 27 Хөрөнгө: 1,8 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 1011 Бобби Мерфи оюутан насны анд Эван Шпигельтай хамтран Snapchat-ыг зохион бүтээсэн юм. Тэрээр Эван Шпигелиэс хэдэн насаар ах ч бизнест хоёрдугаар үүргийг гүйцэтгэж байв. Ерөнхий захирлын найз Бобби удирдлагын багт өөрийн байр сууриа эзлээд авсан, компанийн хувьцаанаас 11 хувиас багагүй хэмжээг эзэмшдэг. Компанийн ажил өдрөөс өдөрт амжилттай яваа нь уг аппликейшнийг ашиглах хэрэглэгчдийн тооноос харагдах бөгөөд хөрөнгө оруулагчид ч маш ихээр сонирхох болжээ.
Маркус Перссон, Minecraft тоглоомыг үндэслэгч Улс: Швед Нас: 36 Хөрөнгө: 1,33 тэрбум доллар Жагсаалтын дугаар: 1367 Маркус «Нотч» Перссон – Minecraft тоглоомыг үндэслэгч тэрээр 2014 онд Microsoft-д 2,5 сая доллараар тоглоомоо зарсан. Бага байхаасаа л программчлал сонирхож байсан – эцэг эх нь салсны дараа ээж нь түүнийг компьютерийн клубт явуулах болжээ. Гэр бүлийнхээ асуудлаас болж Перссон дунд сургуулиа дүүргэж чадаагүй ч тоглоом зохиохдоо амжилт гаргаж чадсан юм. 2004 онд Midasplayer-д ажилд орж 5 жилийн дараа ажлаасаа гарчээ. Төд удалгүй Minecraft гарч ирсэн, Перссон ганцаардсандаа энэ тоглоомыг зохиосон гэх нь ч бий. 2011 онд тоглоомын 1 сая, дараагийн 10 сард 10 сая хүнд тоглоом борлогджээ. Перссон гэр бүл зохиосон ч 2012 онд салсан, үүнийгээ Twitter-ээр зарлахаа нэг их яараагүй бололтой.
Жек Дорси, Twitter болон гар утасны төлбөрийн программ Square-ийг үндэслэгч Улс: АНУ Нас: 39 Хөрөнгө: 1 тэрбум Жагсаалтын дугаар: 1654 Жек Дорси бол Кремнивийн хөндийн жинхэнэ саятан: тэрээр коллежоо орхисон ч алдартай сошиал сүлжээг бий болгож чадсан. Дорси бол дипломтой массажист, Нью-Йоркийн их сургуулийг 1999 онд төгсөлгүй орхисон. Залуудаа панк-концертийг алгасалгүй үздэг нэгэн байв. 2006 онд Эван Уилльямс, Биз Стоун болон Ноам Гласстай хамтран Twitter-ийг үүсгэн байгуулжээ. Тэрээр одоо компанийн ашгаас багагүй хувь хүртэнэ – 4%. 2008 онд компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхиж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болсон. Амьдралынхаа ихэнхи цагийг ажилдаа зориулдаг, түүний зохиосон Square нь төлбөрийн зах зээлд үсрэлт хийж чадсан – ухаалаг утсыг кредит картын мэдээллийг боловсруулдаг тоног төхөөрөмж болгон хувиргасан юм. Square-ийн өрсөлдөгчдийн хөдөлмөрийн үр дүнд 2013 оны тооцоогоор Square–ийн хувьцаа зах зээл дээр багагүй унасан ч компани арга хэмжээ авч чадсаны үндсэн дээр алдагдал хүлээгээгүй байна. Харин ч бүр Уолл-стритийн банкуудын консорциумаас буюу Goldman Sachs болон JPMorgan Chase-ээс нэмэлт санхүүжилт авч чаджээ. Дорсигийн биеэр дүүрэн шивээс бий, тэр нь жилээс жилд нэмэгдсээр түүний сахалны хэмжээтэй болжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дорсиг Conversations эмэгтэйчүүдийн уран бүтээлийн нэгдлийн оролцогч Кейт Гриэр бүсгүйтэй найзалж байгаа гэжээ.
Эх сурвалж: Хором.сом