Дэлхий даяар алдартай телевизийн хөтлөгч-тогооч Жэйми Оливер Их Британийн дуучин Аделийн бүдүүлэг занг өөр дээрээ амсчээ. 40 насандаа удахгүй тав дахь удаагаа аав болох гэж байгаа ахлах тогооч эр өнгөрөгч долоо хоногт хүүхдээ хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс өвөрмөц кампанит ажил эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. “Манайд хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоо маш бага байгаа. Үүнээс болж илүүдэл жин, эрүүл мэндийн асуудал, тагжгар бие зэрэг зүйл бий болдог” хэмээн Оливер мэдэгджээ.
Үүний хариуд дуучин бүсгүй Лондон хотод тоглолт хийх үеэрээ өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
“Хүүхдээ хөхөөрөө хооллох эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Миний инээд хүрч байна. Биднийг дарамтлах гээд байгаа хүмүүст зайлаач, хошного руугаа хуруугаа чих гэж хэлмээр санагддаг шүү” хэмээн Адель тун бүдүүлэг загнасан аж.
Гурван настай хүүгээ өсгөж буй дуучин эмэгтэй түүнийгээ үсрээд л хоёр сар хөхөөрөө хооллосон гэнэ.
“Хөхөөрөө хооллоно гэдэг амаргүй зүйл. Олон хүн үүнийг хийх чадваргүй байгаа. Хөхөөрөө хооллосноос болоод миний олон ч найзууд төрсний дараах сэтгэлийн хямралт байдалд орсон. Та нар чаддаг юм бол хөхөөрөө хоолло л доо. Чадахгүй бол асуудалгүй шүү дээ. Сүүн тэжээл бас зүгээр байдаг юм” гэж Адель мэдэмхийрсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn