Япон улс 2020 он гэхэд 40 сая гадаадын жуулчин хүлээн авахыг зорьж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ таван жилийн дараа одоогийн тавьсан зорилтоосоо хоёр дахин олон буюу 40 сая жуулчныг улсдаа хүлээн авах хүсэлтэй байна.
5ed22727f4d5d0ab6a92471c4aea8ea2_x3

2020 онд Японы нийслэл Токио хотноо болох зуны олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсыг зорих жуулчдын тоо сар бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Японы Засгийн газар улсдаа жилд 20 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байсан нь өнгөрсөн онд бараг биеллээ олсон байна. 2015 онд Японыг зорьсон жуулчны тоо 19.7 сая давжээ.

Өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэгтэй уулзалт хийх үеэрээ тус салбар Япон улсын хөгжлийн стратегийн нэгэн гол тулгуур болохыг онцоллоо. Япон улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ 5.3 их наяд америк долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрэхэд ч аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр их гэдгийг Шинзо Абэ дурдсан байна.

Тэрээр Япон улс 20 сая жуулчин хүлээн авах зорилтоо бараг биелүүлсэн учраас цаашид энэ зорилтын босго хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн шинэ зорилт дэвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Шинзо Абэ Японд очиж байгаа гадаад жуулчдын тоог 2020 он гэхэд 40 сая, 2030 он гэхэд 60 саяд хүргэх хүсэлтэй байгаагаа аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэгт танилцуулсан байна. Японы Засгийн газар таван жилийн дараа гэхэд аялал жуулчлалын салбараасаа 70 тэрбум доллар, харин 15 жилийн дараа 130 тэрбум долларын ашиг олох хүлээлттэй байгаа юм.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …