Эмэгтэйчүүд 55 нас хүрээд л тэтгэвэрт гарах ёстой юу?

Тэтгэвэрт гарах нас чинь болсон гэж байнга анхааруулах юм. Яах ёстой вэ?

“А” миний бие эмэгтэй,  2016 оны тавдугаар сарын 01-нд 55 нас хүрнэ. Миний бие насаараа боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажилласан бөгөөд одоо бие эрүүл, ажлаа хэвийн хийдэг.

fa2da9e137cc7872b65aa3e2464e4f1e_x3

Гэтэл оны эхээр хөдөлмөрийн гэрээгээ сунгахад “Та энэ оны тавдугаар сарын 1-нд 55 нас хүрнэ. Таны оронд ажиллах хүн чинь хүлээгээд байгаа шдээ, та бүтэн 55 насаа хүртэл ажиллах гээд байна уу. Тэгээд л эцсийн хуулийн хугацаа дуусч байгаа шдээ” гэж захирал хэлсэн. Би ч гайхаад л “Уг нь 60 нас хүртлээ ажиллах боломжтой юм бишүү” гэхэд “Эрэгтэй хүн-60, эмэгтэй хүн-55 нас хүртэл ажиллана. Бүх л мэргэжил тэгдэг шүү дээ, та насаа бүрэн тулгах гээд байх шиг байна. Уг нь оны эхэнд одоо ч гэрээ сунгамааргүй л байна” гэх утгатай зүйл ярьсан. 

Манай сургуулийн эмэгтэй багш нар ер нь 55 нас хүрээд л, зарим нь 4 хүүхэдтэй гээд 50 нас хүрээд л тэтгэвэртээ гардаг. Миний хувьд бие эрүүл, ажлаа хийхэд саад болох өөр хүчин зүйл байхгүй тул үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна. Бас энэ жил 6 дугаар анги авсан, энэ ангиа ядаж дунд ангиа төгстөл нь ажиллах хэрэгтэй байна.

Мөн сургуулийн захиргааны зүгээс байнга л “Та тэтгэвэрт гарах бэлтгэлээ хийж байна уу, таны дараагийн багш хүлээгээд байна” гэх зэргээр шахалт үзүүлэх нь маш их дарамттай байна. Надад зөвлөнө үү.

Хуульчдын зөвлөгөө: 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгоно

Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нас ба эмэгтэй хүний давуу эрхийн зохицуулалт:

Таныг 55 нас хүрмэгцээ хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагыг ажил олгогчийн зүгээс тавьж байгаа, харин таны хувьд 60 нас хүртлээ ажиллах хүсэлтэй байна гэж ойлголоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд 40.1.3-д “..ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэл болгон хуульчилсан.

Тэгэхээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлахад “60 нас” гэсэн суурь зохицуулалт үйлчилж байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгэтй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тэтгэвэр тогтоолгох суурь эрх болон насны хязгаарыг хуульчилж өгсөн.

Дээрхи заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд:

1.Тэтгэврийн даатгалын шимтгэл 20-иос доошгүй жил төлсөн,

2. 60 нас хүрсэн байх гэсэн суурь шаардлага тавигдаж байна.

Дээрхи заалт нь Хөдөлмөрийн тухай хуультай уялдан хэрэгжихдээ ажилтан 60 нас хүрсэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн боломж үүсч байгаа юм.

Харин “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэсэн зохицуулалт нь эмэгтэй хүнд давуу эрх олгосон заалт болохоос биш үүрэгжүүлсэн зохицуулалт биш гэдэг нь хуулийн заалтаас тодорхой харагдаж байна.

Иймээс та 2016 оны тавдугаар сарын 01-нд 55 нас хүрмэгцээ хэрэв “өөрөө хүсвэл” өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх бөгөөд ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй юм.

Харин танд шахалт дарамт үзүүлэх, өөрөө хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд шүүхэд хандан, хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх боломжтой.

Эх сурвалж: Нийтийн эрхийг хамгаалах холбооны цахим хуудас Nekh.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …