Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн Улаанбаатар хот дахь бүртгэл өнгөрсөн сарын 21-31-ны өдрүүдэд болсон. Урьдчилсан тооцоогоор 2262 гаруй иргэн бүртгүүлээд буй гэнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэсэн ангилалд бүртгүүлэгсдийн тоо одоохондоо тодорхой болоогүй учир энэ тоо эцсийн үзүүлэлт бас биш.
Түрээсийн орон сууцыг хариуцаж буй хэлтэс үндсэн таван ажилтантай бөгөөд бүртгэл явуулсан өдрүүдэд 10 хүн нэмж ажиллуулсан гэнэ. Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэний бүрдүүлсэн бичиг баримт үнэн зөв, эсэхийг холбогдох байгууллагаас лавлаж, нягтлах ажил энэ долоо хоног дуустал үргэлжлэх бөгөөд хуурамчаар үйлдсэн, журмын шаардлага хангаагүй тохиолдолд жагсаалтаас хасах юм байна.
Ингэхдээ хоёр зүйлийг нарийвчилан шалгах аж. Үүнд, хүсэлт гаргаж буй иргэний орлогын баримт, гэр бүлийн гишүүдийн нэмэлт мэдээлэл багтана. Нэг гэр бүлийн хүмүүс өөр өөр ангилалд бүртгүүлэн, хөтөлбөрт хамрагдах боломжтой учир ийн нягталж буй аж.
Нэгэнт бүртгүүлсэн иргэдийн тоо түрээслэх байрныхаас ихэссэн тул сугалаагаар шодох ёстой. Иргэдийн бичиг баримтыг нягталсны дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас сугалаа явуулах хугацааг зарлах юм байна. Сугалааг санамсаргүй түүврийн аргаар явуулах бөгөөд ил тод, шударга зарчим баримтлах үүднээс ШӨХТГ, БХБЯ-ны мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллийг оролцуулж ангилал тус бүрт зохион байгуулах аж.
Одоогийн байдлаар, Ховд, Увс, Дархан-Уул аймгийн 261 иргэн түрээслэх орон сууцныхаа түлхүүрийг гардаж аваад буй. Хөтөлбөрт хамрагдагсдыг бүртгэх ажил Архангай, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.
Төрийн орон сууцны корпорацын дэд захирал Д.Алтанхуяг “Эмх цэгцтэй, зохион байгуулалттайгаар бүртгэх зорилгоор ангилал тус бүрийг хуваарийн дагуу бүртгэсэн ч бичиг баримт нь зөрчилтэй, журмын шаардлага хангаагүй зэрэг үндэслэлийн улмаас олонх нь жагсаалтаас хасагдсаныг онцоллоо”.
О.Заяа