Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн гүйцэтэх захирал Д.Түвшинбат, тус худалдааны төвийн түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн З.Амаржаргал болон холбогдох албан тушаалтан, өргөдөл гаргагч иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав.
“Нарантуул” Олон улсын худалдааны төвийн Бөс барааны хэсэгт өнгөрсөн 03 дугаар сарын 03-нд гарсан гал түймрийн улмаас 200 гаруй лангуу түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүн шатаж, өнөөдрийг хүртэл ажлын байргүй болоод байгаа эдгээр иргэд төр засгийн зүгээс анхаарал хандуулахыг хүссэн өргөдөл тус байнгын хороонд маш олноор ирүүлж байна. Иймд амь, амьдралаа залгуулж явсан эдгээр иргэдийн хохирлыг барагдуулах нийгмийн хариуцлага байгаа эсэх мөн ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авахаар өргөдөл гаргагч иргэдийг байлцуулан энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
“Нарантуул” Олон улсын худалдааны төвийн гүйцэтэх захирал Д.Түвшинбат, юуны түрүүнд бид түрээслэгчдийг ажлын байраар хангахыг зорин ажиллаж буй бөгөөд шинэ лангуу барих барилгын ажил явагдаж байгаа. Галын ослоос урьдчилан сэргийлэх үүднээс түрээслэгчдийг бараа бүтээгдэхүүнээ агуулахад хадгалуулах шаардлагыг бид тавьдаг. Харин түрээслэгчдийн хувьд энэ нь хүндрэлтэй гэсэн хэдий ч түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас ийм байдалд хүрээд байна. Иймд бид түрээсийн гэрээг шинэчилэн байгуулж байгаа. Харин гал түймэр гарсан шалтгаан болон дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас эцэслэн гараагүй байгаа тул хохирол барагдуулах асуудал дээр одоо тайлбар хийх боломжгүй гэлээ.
Тус худалдааны төвийн түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн З.Амаржаргал хэлэхдээ, өнөөдрийн байдлаар нэг ч хүний хохирол барагдуулаагүй байгаа гээд нийт түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр төр засгаас анхаарал хандуулж, нэн тэргүүнд бараа бүтээгдэхүүн хадгалах байр барьж өгөхийг хүслээ.
Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хоёр талын хүмүүсийн байр суурийг сонссоны дараа гал түймэр гарсан шалтгаан болон дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас эцэслэн гараагүй байгаа шалтгааныг тодруулахаар шалгалт оруулахаар болж, түрээсийн гэрээ хоёр талдаа харилцан ашигтай байгаа эсэхийг шалгах мөн өргөдөл гаргагч иргэдийг Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллахыг зөвлөлөө.
Уулзалтад Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал болон бусад албаны хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.