Бүх насаараа үнэгүй PC тоглох эрх хожсон

12936571_1703673566573285_1048030437746849866_nМонголдоо ганцхан байх Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Ийн зорьсон нь учиртай. Цорын ганц гэгддэг энэ эмнэлэгт зөвхөн галзуу, солиотой хүмүүс л очдог гэсэн бодолтой хүмүүс олон байдаг. Энэ бол бидний нэрлэдгээр “Шархад”-ны эмнэлэг. Бид энэ удаагийн сурвалжлагаа Тус эмнэлгийн “Хүүхэд өсвөр үеийн тасаг”-аас бэлтгэлээ. Тус тасаг нь өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийдэг улсын хэмжээний ганц байгууллага бөгөөд нийт 25 ортой, жилдээ 200-250 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол сэтгэлзүйн зөвлөгөө авч гадуур эмчлүүлдэг хүүхэд үүнээс олон байдаг гэнэ. Энд сэтгэцийн эмгэгтэйгээс гадна сэтгэцийн тулгамдсан асуудалтай, стресс, мэдрэлийн ядаргаанд орсон, булчин татганах өвчтэй, гар утас, компьютер тоглоом, газ зэрэгт донтсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг аж.

Өнөөдрийн байдлаар уг тасагт нийт 23 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гар утас, компьютер тоглоомонд донтсон таван хүүхэд байгаа гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Минут секундээр хөврөх мэдээллийн эрин зуунд техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь орчин цагийн хүүхэд залуусын үндсэн эрх. Гэвч чөлөөтэй олгогдсон эрхээ хэмжээ хязгааргүй эдэлсээр өнөөдөр сэтгэцийн эмгэг тусч, тоглоомондоо донтон Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа нь энэ аж. Тус эмнэлэгт, 2014 онд гар утас, компьютер тоглоомонд донтсон 18 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн бол 2015 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж 35 хүрчээ. Харин энэ оны эхний улиралд л гэхэд 16 хүүхэд тус тасагт хэвтэн эмчлүүлсэн. Жил ирэх тусам дэлгэцийн донтой хүүхдүүдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь аюулын дохио гэж тус тасгийн эрхлэгч бидэнд хэлсэн юм.

Үүнийг сонсоод, Улс оронд маань нүүрлээд байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, архидалт, хар тамхины асуудалтай зэрэгцэн интернетийн хурдацтай хөгжлийн хар сүүдэр болох компьютер тоглоомонд донтож буй хүүхэд залуусын тоо асар хурдтай өсч буйд өөрийн эрхгүй санаа зовниж, сэтгэл эмзэглэж суусныг нуух юун.

Биднийг эмнэлэг дотор зураг авч, тасгуудаар орохыг зөвшөөрөөгүй ч компьютер тоглоомонд донтож, тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хоёр хүүхдээс ярилцлага авахыг зөвшөөрсөн юм.

Тиймээс бид тэдгээр хүүхдүүдтэй цөөн хором ярилцлаа.

16 настай А: Тэмцээнд хожоод насан туршдаа үнэгүй PC тоглох тэтгэлэг авсан

-Эмнэлэгт хэвтээд хэд хонож байна вэ?

-Сайн мэдэхгүй байна аа. Даваа гаригт юм уу, баасан гаригт байх аа. Тэгэхээр би хэдэн хоног хэвтсэн гэсэн үг үү?

-Чи баасан гарагт хэвтсэн бол нийт 4 хоног хэвтсэн байна?

-Өө тийм жаахан уу …

-Яагаад эмнэлэгт хэвтсэн бэ?

-Толгой өвдөөд, баруун чих хагас сонсдог болчихсон тэгээд ядаргаагаа тайлуулах гээд эмнэлэгт хэвтсэн.

-PC тоглоом тоглоод хэр удаж байна вэ?

-Арван жил

-Чи хэдэн настай вэ?

-16 настай

-Чи өдөрт хэдэн цаг компьютер тоглоом тоглодог вэ?

-Өдөржингөө л тоглодог.

-Чи эмнэлгээс гараад PC тоглох уу?

-Тоглоно

-Яагаад, дахиад тоглохоор чиний толгой чинь дахиад өвдвөл яана?

-10 жил тоглоход өвддөггүй л байсан шүү дээ

-Чи хаана PC тоглодог вэ?

-Гэртээ бас PC тоглоомын газарт

-Чамайг эмнэлгээс гарахад чиний компьютер гэрт чинь байхгүй бол чи яах уу?

-Гараад л PC тоглоомын газарт тоглоно.

-Аав, ээж чинь уурлахгүй юу?

-Ээж аав уурладаг гэхдээ тэр надад хамаагүй ээ. Байнга л тоглоно.

-PC тоглоомын газарт тоглохын тулд чамд мөнгө хэрэгтэй болно. Чи мөнгө хаанаас олох уу?

-Би үнэгүй тоглодог.

-Яагаад?

-Нэг тэмцээнд хожоод тэтгэлэг авсан

-Ямар тэтгэлэг?

-Насан туршдаа үнэгүй тоглох тэтгэлэг авсан.

-Тэр PC чинь хаана байдаг вэ. Чамаас гадна хэдэн хүүхэд үнэгүй тоглодог вэ?

-Ганданд байдаг. Өөр 4 хүүхэд байгаа.

15 настай Э: Би шөнө хараагаараа унтдаг.

-Яагаад эмнэлэгт хэвтсэн бэ?

-PC тоглоомоос болоод. Ядаргаанд орсон.

-PC тоглоом тоглоод хэдэн жил байна вэ?

-Гурван жил

– PC тоглоом тоглохын юу нь гоё вэ?

-Кайф авах нь гоё.

-Юунаас нь кайф авдаг вэ?

-Алаан хядаанаас

-Чи хамгийн дээд тал PC-нд хэд хонож байсан бэ?

-Долоон хоног

-Хичээлээ тасалж PC тоглож байсан уу?

-Зөндөө байгаа. Угаасаа хичээл дээр суухаар хичээлээ огт ойлгодоггүй. Хичээл хурдан тараасаа. Хурдан л PC тоглох юмсан гэж бодогддог.

-Ээж, аав чинь уурлахгүй юу?

-Уурлана. Гэхдээ ээж, аав нар эхний удаа зодно. Хоёр дахь удаа дахиад зодно. Гуравдахь удаагаа үнсэнэ, гуйна. Дөрөв дэх удаа дахиад зодно. Тав дээр нь дахиад зодно. Зургаа дахь дээрээ тэр чигээрээ яваарай гээд хаяна.

-Чамд тохиолдсон зүйл үү?

-Тийм ээ. Надад тохиолдоод долоо дахь дээр нь “Шархад”-ны эмнэлэг рүүгээ яв гээд энд авч ирээд хаячихсан.

-Чи хэр ууртай вэ?

-Аймар ууртай. Уурлахаараа хүн зодохоор тайвширчихдаг юм.

-Хэнийг зодох уу?

-Найзуудыгаа, бас сургуулийнхаа хүүхдүүдийг зодчихдог юм өө.

-Чи хаана PC тоглодог вэ?

-PC тоглоомын газарт тоглодог.

-PC тоглоомын газарт тоглохын тулд чамд мөнгө хэрэгтэй болно. Чи мөнгө хаанаас олох уу?

-Хичээлтэй өдөр ээж аав автобусны мөнгө өгдөг тэр мөнгөөрөө PC тоглодог. Амралтын өдрүүдэд ажил хийж мөнгө олоод PC тоглодог.

-Хаана ямар ажил?

-Зах дээр ачаа зөөдөг ажил, машин угаана.

-Нүдэнд чинь хий юм харагддаг уу?

-Харагддаг. Би шөнө хараагаараа унтдаг. Унтаж байгаад тоглоомоо зүүдлээд орилоод босоод ирдэг. Бас заримдаа өдөрт тоглоом нүдэнд харагдаад л өөрөө мэдэхгүй сонин сонин үйлдэл гаргачихсан байдаг.

-PC тоглох гэхээр ажил олдохгүй, мөнгө олдохгүй байх үе байдаг уу. Тэр үед яадаг вэ?

-Байдаг. Би бүр дээрэм хийх гэж үзсэн. Гэхдээ чадахгүй юм байна лээ.

-Чи эмнэлэгт хэвтээд яг юу ойлгов. Үеийнхээ хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна.

-PC тоглохдоо хүүхдүүд газ сорохоо болиорой гэж хэлмээр байна. Битүү орчинд газ сороод, салхинд гараад “чад” болдог юм байна лээ зарим нэг хүмүүс.

-PC тоглоомын газарт бас газ сорох уу?

-PC-нд хонохоор PC-ны хүн цаг хийж өгөөд гаднаас цоожлоод гэрлүүгээ явчихдаг. Тэгэхээр хүүхдүүд газ авч ороод, 00-д сордог.

-Хаана байдаг PC-нд хүүхдүүд хонож, газ сордог вэ?

-“Goodluck” гээд маш олон салбартай PC байдаг. Бичил, гуравдугаар сургуулийн ойролцоо, Сэтгэмж сургуулийн хажууд бас байдаг. Бүгд 3500-5000 төгрөгөөр хонуулдаг.

Сонсох төдийд л сэтгэл эмзэглэж, толгой сэгсэрмээр зүйлсийг хээв нэг ярьж суугаа хоёр хүүтэй хэдхэн хором ярилцахад л, Яагаад гэсэн бодол толгойд эргэлдэж, энэ бүх асуудалтай өдөр бүр нүүр эцэг эхчүүдэд нь ямар байдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм.

Гэвч энэ бүхний гол буруутан нь хүүхдүүддээ анхаарал, халамж тавьж, тэднийг хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг, өрөөндөө яг юу хийж суугааг нь мэддэггүй, сонирхдоггүй эцэг, эхчүүд гэж тус тасгийн эмч хэлсэн юм. Тиймээс эцэг эхчүүд маань, төлөвлөсөн ажлаа хойш тавиад чимээгүйхэн өрөөндөө шигдэх бяцхан хүүгээ нэг хар даа. Түүнд компьютер тоглоомонд донтох шинж тэмдэгүүд илэрч байгааг та анзаарахгүй байгаа юм биш биз!!!

Бид гар утас, компьютер тоглоомонд донтсон хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг, ямар хор нөлөөтэй талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн “Хүүхэд өсвөр үеийн тасаг”-ын эмч н.Оюунжаргалтай ярилцлаа.

-Танай тасагт яг одоогийн байдлаар гар утас, компьютер тоглоомонд донтсон хэдэн хүүхэд хэвтэж, эмчлүүлж байна вэ?
-Одоогийн байдлаар манай тасагт гар утас, компьютер тоглоомонд донтсон 5 хүүхэд хэвтэн, эмчлүүлж байна. Ер нь жил ирэх тусам энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд эмчлүүлэх нь ихэссэн.

-Гар утас, компьютер тоглоомонд донтсон хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Аливаа зүйлийг өдөр тутмын амьдралдаа хэтрүүлэн хэрэглэхийг донтолт гэж үздэг. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд гар утас, компьютерийн ард өдөрт 4-5 цагийг өнгөрүүлж л байх юм бол дэлгэцийн хамааралд орчихсон, донтоход бэлэн болчихсон байна гэж ойлгож болно. Иймэрхүү хүүхдүүдэд биеийн талаас болон сэтгэцийн талаас шинж тэмдгүүд илэрч байдаг. Тодруулбал, ядарч сульдах, толгой өвдөх, нүдний хараа муудах, компьютер дээр суухаа боль гэж хэлэхэд үгүйсгэсэн хандлагатай байх, огцом уур уцаартай болох, бусадтай таарамжгүй болох, нойр солигдох, хий юм харж, сонсох, тоглохын тулд худлаа ярих, хулгай, дээрэм хийх, гэрийнхээ үнэ цэнэтэй зүйлсийг зарж үрэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

-Хүүхдүүд ихэвчлэн юунаас болж тоглоомонд донтдог вэ?
-Ер нь эцэг, эхчүүдийн анхаарал, халамж дутсанаас, гэр бүлийн хүчирхийллээс, сургуулийн орчин нөхцөлөөс шалтгаалж хүүхдүүд тоглоомонд донтож эхэлдэг. Улмаар гэрээсээ дайжсан хүүхдүүд хаачдаг вэ гэхээр РС тоглоомын газарт хонон, өнжин тоглодог. Хүүхэд учраас өөрийгөө тоглоомонд донтож байгаагаа мэддэггүй. Харин эцэг, эхчүүд хүүхдээ 2-3 хоногоор алга болох, гэрээсээ мөнгө болон эд зүйлс хулгайлах үед нь эмнэлэгт ханддаг юм. Хамгийн харамсалтай нь зарим эцэг, эхчүүд хүүхдээ хаана, юу хийж явааг нь ч мэддэггүй төдийгүй ангийнх нь багштай нь контакт муу байдаг. Тиймээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг, эхийн анхаарал, халамж хүүхдэд маш чухал.

-Нэгэнт тоглоомонд донтсон хүүхдийг эмчилж, хэвийн байдалд нь буцааж оруулахад хугацаа шаардлагатай. Танай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд буцаж ирсэн тохиолдол байгаа юу?
-Хүүхдүүд олон хоног тоглохоор бие организмд нь сөргөөр нөлөөлж, архаг сульдаанд ордог. Өөрөөр хэлбэл, уур уцаартай болж, булчин агшиж, нүүр, ам нь татвалздаг болдог юм. Тиймээс бид эмнэлэгтээ бие организмыг нь хэвийн байдалд оруулах эмчилгээ хийгээд бусад хугацаанд гадуур сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Мэдээж тухайн өвчтөнийг эмчлэхэд 10 хоног хангалтгүй. Гэхдээ ер нь донтсон хүүхдүүдийн хувьд сэтгэл заслын эмчилгээ хамгийн чухал. Тиймээс ч гэртээ харихад нь тухайн хүүхдийг ямар орчин угтах нь маш чухал. Өнөөх л архичин эцэг, эх, хүчирхийлэгч этгээд, тоглох сэдлийг нь өдөөх орчин угтвал эмчилгээ талаар болно. Тиймээс тухайн хүүхдийн амьдарч буй орчин, хүрээлж байгаа найз нөхөд маш чухал нөлөөтэй гэдгийг сануулмаар байна.

Эх сурвалж www.zaluu.com
Т.Болор

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …