2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, ОХУ-ын Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ийн мэргэжлийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 1914 оны 12 дугаар сард дэлхийн I дүгээр дайнд оролцож байсан цагаан хааны армид “Герман-Австрийн холбоотны цэрэг”-ийн аэроплан/давхар далавчтай хөнгөн онгоц/-тэй тэмцэх зорилгоор пулемёт, хөнгөн их буугаар зэвсэглэсэн салбаруудыг анх бий болгосон нь орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үүсэл гарлыг тавьжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд зөвлөлтийн улаан армийн агаарын довтолгооноос хамгаалах цэрэг нь Москва, Ленинград зэрэг хотууд, Курскийн цүлхэнд болсон тулалдаанд зөвхөн дайсны нисэх онгоцыг устгах бус хуурай замын цэрэгтэй ч гэсэн амжилттай тулалдаж байв. Дайны 4 жилийн хугацаанд тус цэргийн дайчид дайсны 7500 нисэх онгоц, 1000 гаруй танк, 1500 их бууг устгасан гэсэн тоо бий.
ЗХУ-ын үед буюу 1975 оноос “Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр”-ийг жил бүрийн 4 дүгээр сарын 11-нд тэмдэглэж байв. Харин 2006 оны 5 дугаар сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн 549 дугаар тушаалаар “Жил бүрийн 4 дүгээр сарын хоёр дахь “Ням” гаригт агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр” болгон тэмдэглэх болжээ.
Өнөөдөр явагдсан баярын арга хэмжээний үеэр ОХУ-ын Агаар-сансарын хүчний ерөнхий командлагч, хурандаа генерал Виктор Николаевич Бондарев агаарын довтолгооноос хамгаалах цэргийн мэргэжил эзэмшсэн офицер, ахлагч, цэргүүдэд баяр хүргэлээ. Баярын энэ өдрүүдэд орос орон даяар тус цэргийн 1000 гаруй офицер, ахлагч, цэргүүд байлдааны жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Тус цэргийн дээд, дунд, тусгай мэргэжилтнүүдийг Тверь хот дахь ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Агаар-сансарын цэргийн академи, Ярославь хотод Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн дээд сургууль, Владимир хот дахь Радио-техникийн цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тусгай төв, Гатчина хот дахь Зенит-пуужингийн цэргийн сургалтын төвд тус тус бэлтгэж байна.
Өнөөдөр Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгоон хамгаалах” болон “Пуужингийн цохилтоос хамгаалах” нэгдсэн нэгдэл нь тус улсын нийслэл Москва хот, аж үйлдвэрийн район, улсын болон цэргийн удирдлагын төвүүд, зам тээврийн гол зангилгаа, сүлжээ, Зэвсэгт хүчний зарим нэгдэл, нэтгэлийг дайсны агаарын довтолгооноос хамгаалах үүргийг хүлээж байдаг. Уг нэгдэлийн хамгаалалтын хариуцлагын бүсийн урт нь 4500 км-т хүрэх ба энд орос улсын 25 муж, 3 бие даасан бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр багтдаг юм. Түүнчлэн тус агаарын довтолгооноос хамгаалах цэргийн нэгдэл нь 1500 км урттай улсын хилийг халхлах үүрэг хүлээдэг. Энэ хариуцлагын бүсэд 260 гаруй чухал объектууд байрлах ба түүний 30 хувь нь оросын БХЯ-нд харьяалагддаг ажээ.
Өдөр бүр тус хамгаалалтын нэгдэлийн 1500 орчим цэргийн алба хаагчид байлдааны жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэж, хоногт 800 гаруй нисэх онгоцыг радиолокацын радараар тогтмол хянаж байдаг юм. Эдгээрийн онгоцнуудын 10 орчим хувийн мэдээллийг Агаар-сансарын хүчний төв удирдлагын байр руу дамжуулдаг гэнэ. Тус цэрэгт хамгийн сүүлийн үеийн зенит-пуужингийн систем С-400 “Триумф”, С-300 “Фаворит”, зенитийн пуужин-пушкийн цогцолбор “Панцирь-С” зэрэг байлдааны зэвсгийг ашиглаж байна. Мөн түүнчлэн “Небо”, “Каста”, “Подлет”, “Гамма” зэрэг 600 км-ийн алсын зайд, 100 км хүртэл өндөрт нисэж буй целийг ирүүлэх хүчин чадалтай сүүлийн үеийн радиолокацийн радарыг ашигладаг юм.
Р.Энхболд