Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл 2” бүлгийг нээхээр аймгийн ЗДТГ, JCI найрамдал салбар хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд энэ сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан Тэмүүлэл бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгийн Сэрүүн асрын өрөөг тохижуулан “Тэмүүлэл 2” бүлгийг нээх төсөл бэлэн болсон бөгөөд уг төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай албаны хүмүүс санал солилцов.
JCI найрамдал салбараас хэрэгжүүлж буй Тэмүүлэл төслийн хүрээнд хөдөө орон нутагт анх удаа 7 дугаар цэцэрлэгт Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл 1” бүлгийг 2015 оны 9-р сарын 16-ны өдөр нээж байсан. Тус бүлэгт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 12 хүүхдийг хамруулж байна. Дархан сумын хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг гэсэн мэдээллийг аймгийн НХХ-ээс өгсөн. “Тэмүүлэл 2” бүлгийг нээснээр дээрх хүүхдүүдийн 50 хувийг СӨБ-д хамруулах боломжтой болох юм. Ингэснээртэднийг үе тэнгийнхэнтэй нь зэрэгцэн суралцах боломжийг олгосон, ирээдүйд нь гэрэл нэмсэн, эцэг эхчүүдэд ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
“Тэмүүлэл 1” бүлгийн хүүхдүүдэд богино хугацаанд маш олон эерэг өөрчлөлтүүд бий болсон төдийгүй нэг хүүхэд энгийн бүлэг рүү шилжин суралцаж байгаа сайхан мэдээг багш нар нь дуулгасан юм. Мөн энэ өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн тусламж дэмжлэг авах боломж олгох зорилго бүхий “Итгэлтэй ирээдүй” тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг JCI Найрамдал салбараас зохион явуулав.
3 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ЗДТГ, “JCI Найрамдал” салбар байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тус санамж бичгийн дагуу талууд хөгжлийн бэрхшээлтэй Сургуулийн Өмнөх насны хүүхдэд Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн багш, туслах багшийг бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлуудыг цаашид хийнэ.