Бүгд найрамдах Турк улсын Шүүх, прокуророос Шүүхийн ерөнхий зөвлөлд бага оврын суудлын автобусыг БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаар дамжуулан бэлэглэсний дагуу бага оврын суудлын автомашин хүлээлгэн өгөх ажиллагаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ШЕЗ-ийн байранд боллоо. Ёслолын ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад Суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз, ШПДЗ-өөс Орлогч дарга, 2 дугаар танхимын дарга Мэхмэт Ыйлмаз, 1 дүгээр танхимын дарга Халил Коч, 3 дугаар танхимын гишүүн Тургаи Атэш, Ерөнхий нарийн бичгийн дарга Билгин Башаран, ТИКА байгууллагын дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар хүрэлцэн ирсэн ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа нар болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төлөөлөл байлцлаа.
Ёслолын үйл ажиллагааг нээж ШЕЗ-ийн дарга доктор, профессор Н. Лүндэндорж, БНТУ-аас Монгол Улсад Суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз, ШПДЗ-өөс Орлогч дарга, 2 дугаар танхимын дарга Мэхмэт Ыйлмаз нар үг хэлж, бага оврын “Форд Транзит” маркын суудлын автомашиныг албан ёсоор хүлээлгэн өгөв.
Ёслолын ажиллагааны дараагаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулж, тухайн уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт болоод Монгол Улсад хэрэгжиж буй Шүүхийн шинэтгэлийн үйл явц, хүрсэн үр дүн болоод Монгол Улсын Шүүхийн тогтолцооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар товч танилцуулга хийж, Баян-Өлгий, Өмнөговь, Увс, Хэнтий аймгийн шүүхийн тамгын газруудтай онлайнаар холбогдлоо.
БНТУ-ын төлөөлөгчдийн зүгээс найрсгаар хүлээж авсанд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд ШЕЗ-ийн дарга, гишүүд, нийт шүүгч нарын томилгоо болоод тэдгээрийн ажлын ачаалал, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын үнэлэмж, цалин хөлс зэрэг асуудлаар сонирхсон асуултдаа тодорхой мэдээлэл авлаа.
Ёслолын ажиллагааны төгсгөлд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж төлөөлөгчдөд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, автомашин хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС