Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн яамтай хамтран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.Тус сургалтын нээлт өнөөдөр болж, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Хуульчдын холбооны Сургалтын хорооны дарга Л.Мөнхсайхан нар нээж үг хэллээ.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг сургагч багшаар бэлтгэх, мэдлэг олгох зорилготой тус сургалтын багшаар Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунболд, УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, ХСИС-ийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга С.Гантулга нар ажиллаж, холбогдох хуулиудын талаарх сургалтыг явуулж байна.
Уг сургалтад хуульчийн үргэлжилсэн сургалтын багшаар ажиллаж байсан 40 гаруй хуульч хамрагдаж байгаа бөгөөд сургалтад бүрэн хамрагдсан хуульчдыг хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цагийг хангасанд тооцох юм.