Төр эмийн төсвийг танаснаас болж, иргэд чанаргүй эмэнд хордож байна

1460512364570da66c94803Улс орныг эдийн засгийн хямралаас гаргах даалгавар авсан “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлж байна. Учир нь өнгөрсөн онд эмнэлгүүдийн эмийн төсвийгг 30 хувиар танасан. Энэ нь ханиад хүрсэн ч гадагшаа явж эмчилгээ хийлгэдэг баячуудын хувьд асуудал биш байж болох ч жирийн иргэдэд ихээхэн халгаатай шийдвэр болсон юм. Өөрөөр хэлбэл, байнгын төсвийн дутагдалтай байдаг эмнэлгүүдэд эмчлүүлэхийн тулд иргэд ихэнхдээ эм тариагаа гаднаас өөрсдөө олж ирж эмчилгээгээ хийлгэх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд болно. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ ямар ч үр дүнгүй болж, эмнэлэгт чанаргүй, хямдхан эм бэлдмэл тендер болон тендер бусаар нийлүүлэгддэг болсон. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал ихсэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид эмчлүүлж байгаа нэрээр чанаргүй эм, тарианд хордож байгаа нь нууц биш.

Манай Улсын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, өдгөө гурван сая гарсан. Үүнтэй холбоотойгоор эмнэлэгт үзүүлэх иргэдийн тоо ч нэмэгдсээр байгаа. Гэтэл өнгөрсөн онд ард түмний төлөөлөл гэгддэг УИХ-ын эрхэм гишүүд эмнэлгүүдийн эмийн төсвийг хасаж, 60 тэрбум төгрөг болгочихсон. Харин нийслэлийн эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүдийн төсөв 9.6 тэрбум төгрөг байсныг 6.9 тэрбум төгрөг буюу 30 хүртэл хувиар бууруулчихсан. Дээр нь манай улс нийт эмийнхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг. Үүнийгээ доллараар авна. Төсөв танах үед нэг ам.долларыг 1500 төгрөг байхаар бодож байсан. Гэтэл одоо 2000 гарчихсан. Дээр нь жил бүр импортын эмийн үнэ нэмэгддэг гэхээр эрүүл мэндийн салбарын нэг жилд ашиглах эмийн төсвийн 50 хувь нь алга болчхож байгаа юм. Улс орны эдийн хямарч салбар салбартаа бүсээ чангалж байгаа ч эрүүл мэндийн салбарын бүсийг чангалах нь иргэдийг хамгийн ихээр хохироосон тохиромжгүй шийдвэр юм.

Гэтэл энэ шийдвэрийг гаргасан хүмүүс нь энэ салбарын тухай ямар ч ойлголтгүй. Бараг л үзүүлж байгаагүй хүмүүс юм. Учир нь тэдний ихэнх нь гаднын улс оронд чанартай эм тариагаар “бөмбөгдүүлж” эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авчихдаг. Тиймээс эрүүл мэндийн салбар болон эмчлүүлэгчдийн зовлонг тэд хэзээ ч ойлгохгүй. Хамгийн энгийн жишээ дурдахад, Америк улс нэг иргэндээ 8700 доллар зарцуулж байна. Гэтэл манай оронд энэ тоо 100 дахин бага байна. Уг нь Америк хүн Монгол хүн хоёрын эрүүл мэндийн асуудалд ялгаа байхгүй л баймаар юм. Энэ бол Манай Улс иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг үнэлэхгүй байгаагийн тод жишээ юм. Ямар сайндаа л улс орны амин сүнс болсон эрүүл мэндийн салбарын яам нь өнөөдрийг хүртэл  дөрвөн сарын хугацаанд сайдгүй, эмнэлгүүд нь эм тариагаа авах мөнгөгүй, хүүхдүүд нь Улаанбурханаар өвчилж, хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр сард 300, өдөрт 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Тиймээс эмийн үнийн таналтаа эргэж нэг харахгүй бол цөөхөн хэдэн Монголчуудад чинь амьд явах баталгаа алга болоод байна шүү.
Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …