Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд тайлагнав. Мэдээллийг тус газрын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Э.Амарбат өгсөн юм.
Тухайлбал, дээрх газраас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаад тавих хяналтын чиглэлээр 27 гомдол хүлээн авч, 117 шалгалт хийж, 14,643 захиргааны зөрчлийн материалыг хянаж, 62 шийтгэврийг хүчингүй болгож, 2 материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан бай шалгалтын явцад 1,714 зөрчил илрүүлж 44 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явюуулах эрх бүхий байгууллагууд 53 шаардлага хүргүүлж, 4 албан тушаалтанд хариуцлага тооцжээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаанд тавьсан хяналтын чиглэлээр 29,427 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс 7,473 буюу 25.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж 16,775 буюу 57 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 14,767 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хэргийн 5,240 буюу 35.4 хувь нь хөнгөн, 7,443 буюу 50.4 хувь нь хүндэвтэр, 1,348 буюу 9.1 хувь нь хүнд, 736 буюу 4.9 хувийг онц хүнд хэрэг эзэлж байна.
Ингээд ерөнхий мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид Э.Амарбатаас олны анхааралд байгаа хэргүүдийн талаар асууж хариулт авлаа.
-Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
– Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг тэгж ингэж шийдлээ гэсэн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
– С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн мэдээллийг түүнтэй уулзаад ирсэн УИХ-ын гишүүд ярьсан. Энэ талаар мэдээлэл байна уу?
– С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьсоныг та бүхэн сайн мэдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлч ээр УИХ-ын зарим гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна билээ. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх. Тухайн үед нь эргэн мэдээлнэ.
-Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбогдуулан “Баянгол” зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” хоёр компанид нэгжлэг хийх үеэр “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэт мэдээллүүд тарж, зарим иргэд нэгжлэг хийх ажиллагаанд саад учруулсан үйл явдал болсон. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж байсан. Энэ талаар?
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг “Баянгол” зочид буудлын зарим өрөөг түрээсээр ашигладаг хоёр аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн. Нэгжлэгийг хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн. Нэгжлэгийн үеэр хүний эрх, эрх чөлөө үл зөрчигдөх нөхцөл байдлыг хангах үүднээс прокурорыг оролцуулсан. Ажиллагааны явцад нэгжлэг явуулж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон, нэгжлэгийн дараа баривчлагаа явагдах юм шиг буруу мэдээллийг тарааж, олон нийтийг цуглуулсан гэх мэтчилэн олон асуудал болсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа өөрөө онцгой ажиллагаа байдаг. Тиймээс тусгайлан хуулиар зохицуулж, оролцогч байгууллага албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Хуульд заасан аливаа ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа байдлаар ажиллагааг тасалдуулахыг оролдохыг хориглодог. Энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг. Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын зохих үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд хэн нэгнийг хөндлөнгөөс оролцох, ажиллагааг тасалдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлмээр байна. Нэгжлэгийн ажиллагаа явагдаж байхад ямар нэг байдлаар саад хийвэл албадан гүйцэтгэдэг хуультай. Нэгжлэгийн үеэр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим санхүүгийн баримт эд зүйлийг хурааж авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
-Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд Цагдаагийн байгууллага, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргад албан бичгүүд хүргүүлж байсан. Энэ нь хууль тогтоох дээд байгууллага Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү?
– Энэ асуултад хувийн байр сууринаасаа хариулъя. Сонгууль ойртож зарим хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Магадгүй заримынх нь харж байгаагаар асуудал тодорхойгүй хэвээр үргэлжлээд байгаа ч юм шиг ийм ойлголтоор хандаж байгаа хүмүүс байгаа байх. Ер нь бол сүүлийн үед хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дүгнэлт хийсэн, ялангуяа хууль ёсны дагуу явуулж байгаа үйл ажиллагааг өөр бусад зорилгоор явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулахыг эрмэлзсэн мэдэгдэл их явж байгаа. Үйл явдал хэрхэн өрнөж байгаа, бодит байдал нь юу вэ гэдэг талаар бид өөрсдөө нээлттэй, нийтэд үнэн бодитой мэдээллийг аль болох шуурхай хүргэж байх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Цаашид энэ талаар анхаарч ажиллана.
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Үүнд прокуророос ямар хяналт тавьж байгаа бэ?
-Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа.
-Халамжийн дарга асан Д.Баярсайхан нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа бэ?
-Ний нуугүй хэлэхэд улсын хэмжээнд ямар хэргүүд шалгагдаж байгаа талаар мэдэхгүй байна. Тиймээс мэдээлэл алга.
Эх сурвалж: Zaluu.com