Хонгконг, Малайз, Хятадын өмнөд мужруу дулаан уур амьсгалтай орнуудад манайхан ихээр зорчдог. Худалдаа наймаа, бизнес, аялал жуулчлалаар явж байгаа иргэдийг халуун орны Зика вирусаас хамгаалах, ойлгуулан таниулах, мэдээлэл өгөх төрийн үйлчилгээ манай оронд алга. Удахгүй урин цаг ирж +35-с дээш хэмд халах үед тэдгээр шумуулар дамжин ирэх халдваруудаар өвчлөхгүй гэх баталгаа байгаа юу? Үүнийг эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн хүрээлэн, шавьж судлалын талаас нь судлаж байгаа зүйл алга.
Ямар нэгэн шинж тэмдэгээр, хэрхэн яаж илэрдэг тухай мэдээлэл ч манай улсад алга байна. Хаа байсан Бразилаас Макао, Хонгконгийг донсолгож чадаж байгаа хойно Монголд ирэхгүй байх баталгаа байна уу.
Энэ зун олимпийн наадмыг хүлээн авах Бразилд л гэхэд сая сая халдварын тохиолдол илрээд байгаа бөгөөд уг вирусын тохиолдол нийт 24 оронд бүртгэгдээд байгаа юм. Нийт халдвар авагчдын ердөө 20 хувьд нь л халуурах, толгой эргэх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг, энгийн ханиад шиг анальгин, парацетамол зэрэг таблет эмэнд дарагддаг ч энэ вирусын цаашдын үр дагавар дэндүү “аймшигтай”. Уг вирус жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварласан тохиолдолд ургийн хөгжилд нөлөөлөн, энгийн хэмжээнээс жижиг тархитай нялх хүүхдүүд төрөхөд хүргэж байгаа гэнэ.
Микроцефали гэж нэрлэдэг ховор тохиолдох энэ өвчлөл Бразил улсад энгийн үеэс хэдэн мянга дахин их илрээд буй нь аюулын харанга дэлдэж буй хэрэг юм. Вакцин болон эмчилгээ нь одоогоор олдоогүй байгаа энэ вирус генд хадгалагддаг эсэх, хэр удаан хүний биед оршиж, урагт нөлөөлөх чадвартай эсэх нь тодорхойгүй байгаа ч зарим улсууд эмэгтэйчүүдийг вирус илэрсэн бүсүүдэд аялахгүй байх, жирэмслэхгүй байх талаар анхааруулгагаргаад амжжээ. 1947 онд Угандагийн Зика нэртэй ширэнгийн сармагчинд анх илэрсэн энэ вирус хамгийн сүүлд 2007 онд Микронезид тархсан юм.
Эрдэмтэд цаг уурын дулаарал энэ вирус дахин идэвхжихэд хүргэсэн хэмээн үзэж байна. Энэ мэтчилэн Дэлхий нийтийг айлгаад байгаа уг вирус Монгол ирвэл Улаанбурханаар дарлуулсан хавар цагийн ядаргаанд өртсөн бидний хэдэн жирэмсэн нөхдүүд, нялхас маань яах бол. Үүнийг хааж боож сэрэмжлүүлж байгаа нэг ч үг алга байна. Гуравхан сар дулаархад Зикад дээрэлхүүлэхгүй байхсан. Одоо бидэнд өвчинд “нөмрүүлэх” тэнхэд алга байна шүү дээ.
Зун хурдан болоосой хүүхдээ тэнхэрүүлье хэмээн хүсэх эцэг эхчүүд л байна. Зикагийн эсрэг ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцин энэ тэр байна уу. Жирэмсэн эхчүүдээ Зикагаас хол “ингэж” байлгана гэсэн зааварчилгаа бий юу.
Монгол улс хүүхдээ Улаанбурханаар “бараад дуусах” дөхсөн энэ үед зуны дулаантай хамт Зика “залгавал” яах бол. Муу амласан мэдээндээ хүлцэл өчье гэхдээ Зикагаас үнэндээ айгаад байна.
Б.Саран