Батлан хамгаалахын сайд Цэрэндашийн Цолмон
Монгол цэрэг нум, саадгаа агсан дэлхийн талыг эзэлж эх орныхоо нэрийг түүхэнд мөнхөлсөн бол өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ дайчин чанар, бахархам түүхээ дэлхий дахинаа нотлон харуулж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаагийн зэрэгцээ нөгөө талаар үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 14 жилийн хугацаанд НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 13 000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бол яг одоо 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.
Цэнхэр дуулгатнууд маань хатуужил, эр зориг, ур чадвар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэйгээрээ олон улсын цэргийнхний дунд гайхагдаж байдаг. Тэдгээр цэргүүдийн ар гэрийнхнийг мөн адил энхийг сахиулагч гэж хэлж болно. Халамжит ханиа үнэнчээр хүлээх гэр бүл, аав, ээжийгээ дуудан хүлээх бяцхан үрс, тэдний араас сүү өргөн хүлээх ээж, аавууд бол энхийг сахиулагчдыг үүргээ нэр төртэй биелүүлэхэд хувь нэмрээ оруулж, найдвартай ар тал нь болж байгаа учраас тэднийг бахархан тэмдэглэж байгаа нь энэ.
Өнөөдрийн нийгэмд хар бараан мэдээлэл зонхилж, идэр сайхан залуучуудаас эхлэн эмгэн буурал хүртлээ улстөржин талцан сууна. Харин тэр саарал бараан мэдээллийн ертөнцөд сайн мэдээ дуулгадаг залуусын нэг нь яахын аргагүй манай энхийг сахиулагчид. Хамгийн сүүлд гэхэд Афганистан улсад явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн багийнхан бие бялдар өв тэгш бэлэн байдлаа хангасан гэдгээ нотлон харууллаа. Дэлхийн 16 орны эр цэргүүд оролцсон гүйлт, хүндийн өргөлтийн тэмцээнд манай цэргүүд бусдыгаа хол хаян түрүүлсэн. Энэ бол ердөө бие бялдарын тэмцээн. Түүнээс гадна Монголын энхийг сахиулагчид, “гал унтраав”, “сайн дурын ажиллагаанд оролцов” гэх мэт мэдээлэл тасрахгүй. Монголын энхийг сахиулагчид ирж байрласнаас хойш нутгаасаа дүрвэсэн иргэд эргэн ирж, тариа ногоогоо тарьж, амьдралаа сайжруулах болсонд НҮБ-ын албаныхан төдийгүй нутгийнхан нь талархал илэрхийлж байгааг манайхан надад дуулгаж байдаг. Цэргийн мэргэжлийн ур чадвараар өөрсдийгөө таниулахаас гадна цэргийн багийн эмч, сувилагч нар маань Африк тивийн улс орнуудын ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, зон олонд нь эмнэлгийн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна. Энэ нь Монгол хүний тусч өгөөмөр, энэрэнгүй зан чанарыг тухайн орнуудад харуулж “Монгол цэрэг”-ийг хүн талаас нь сайнаар таниулж байгаад баяртай байдаг.
“Монголын цэргүүд үүрэг гүйцэтгэж байхад бид тайван унтаж чаддаг”, “Монголын ажилч зөгийнүүд”, “Энд буй 10 гаруй орны цэргүүдээс зөвхөн Монголын арми л бидэнтэй тулалдах чадвартай”, “Энхийг сахиулагчдаас зөвхөн Монголчууд шууд байлдаанд орж тулалдах чадвартай” зэрэг тодорхойлолтыг НҮБ болон ажиллагааны газрын нутгийнхан, хамтран үүрэг гүйцэтгэж буй орны цэргийн дарга нар зүгээр нэг хэлчихээгүй нь лавтай. Энэ бол Монголын цэргийн гүйцэтгэж буй үүрэг, ажил мэргэжлийн ур чадвар, чин зүтгэл зэргээс үүдэн гарсан үр дүн юм. Энэ бол Монголын цэрэг дэлхийн түвшинд олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн алхаж ур чадвараараа онцгойлон ялгарч чадсаны илрэл юм.
Түүнээс гадна манай улсын энхийг эрхэмлэгч найрсаг гадаад бодлогын бодит илэрхийлэл болж, бүс нутаг, олон улсын төвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй “Khaan Quest” сургуулийг онцлохгүй байхын аргагүй. 2004 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх бүр оролцогч орнуудын тоо өсч, хамрах хүрээ нь өргөжин тэлсээр байна. Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь гадаадын цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр сурган бэлтгэх боломжтой “Олон улсын цэргийн сургалтын төв” болсоныг олон улсад хүлээн зөвшөөрч, баталгаажууллаа. “Khaan Quest” сургуульд 2015 онд дэлхийн 23 орны цэргийн алба хаагчид оролцож байсан бол энэ жил таван тивийн 39 орны 1900 орчим цэргийн алба хаагчид урьдчилсан байдлаар оролцох мэдүүлгээ өгөөд байна. Олон улсын сургуулиас гадна бүс нутгийн улсуудтай хамтарсан хоёр талын сургуулиуд жил бүр амжилттай явагдаж байна. Дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргийн оролцоо, гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж, олон улсын сургалт, дадлагыг өөрийн улсад зохион байгуулахын зэрэгцээ гадаадын улс орны цэргийн алба хаагчдыг цэргийн хэрэгт сурган дадлагажуулж байгаа нь манай цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд хүрсэнийг илтгэн харуулж байна.
Нэгэнт манай улсын энхийг дэмжих ажиллагаа хүлээн зөвшөөрөгдөж, гүйцэтгэх үүрэг, мэргэжлийн чадвараараа үнэлэгдсэн энэ үед бид удирдах түвшинд ч байр сууриа бэхжүүлэхээр зорьж байна. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд бүсийн командлагчаар ажилласан бригадын генерал Д.Баярсайханы албыг хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн НҮБ-ын байнгын орон тооны ажилтнаар дэд хурандаа Г.Болор, “UNMISS” ажиллагааны хариуцлагатай албан тушаалуудад хурандаа Ч.Түмэндэмбэрэл, дэд хурандаа О.Заяат нар хааж байна. Өмнө ч манай шилдэг офицерууд ажиллаад ирсэн. Энэ бол манай цэргийн дарга нар олон улсын цэргийн ажиллагааны удирдлагын түвшинд ч ахиж дэвшиж байгаагийн илрэл юм.
Өнгөрсөн жил манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу айлчилахад түүнийг дагалдаж ирсэн НҮБ-ын цэргийн асуудал хариуцсан хамгийн том дарга нь Бангладеш улсын генерал байсан. Тэгэхээр бидэнд ч гэсэн НҮБ-ийн цэргийн өндөр албан тушаалд Монголын офицеруудаа ажиллуулах сонирхол байна. Манайд дадлага туршлага, эрдэм мэдлэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн офицерууд олон байгаа. Тэднийгээ цаашид зориуд энэ ажилд бэлтгэх хэрэгтэй. Энэ зорилт салбарын өмнө, төр засгийн өмнө байна гэж харж байна. Монголын цэргүүд НҮБ-ын цэргийн удирдлагад ажиллах цаг маш ойрхон. Гагцхүү хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.
Шинэ цагийн бахархал болсон эх орныхоо нэрийн өмнөөс харь газар эв эеийг сахиулагч эрэлхэг монгол цэргүүддээ удахгүй болох “Олон улсын энхийг сахиулагч”-ийн өдрийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг ерөөе.