“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн продюсер, санаачлагч, хөтлөгч П.Анужин дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр тус нэвтрүүлгийн тусгай дугаарт бэлтгэсэн “нууц” дүрс бичлэг алдагдсан талаараа ярьсан бөгөөд түр хугацаанд дээрх нэвтрүүлэг гарахгүй байх талаар ч ярив. Тэрбээр “Энэ нэвтрүүлэгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна. Дүрс бичлэг алдагдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэтэл тус газраас хэргийн тухайд том бүлэглэл үйлдсэн хэрэг биш гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Тиймээс энэ дүрс бичлэг алдагдсан хэргийг нэг мөр шийдэгдэх хүртэлх хугацаанд Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээ түр түдгэлзүүлж байгаагаа хэллээ. Энэ үеэр П.Анужингаас хэдэн асуултад хариулт авсан юм.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахиж телевизээр гарахгүй гэж ойгож болох уу?
-Өдийг хүртэл хийгдэж бэлтгээд Монголын телевизүүдээр цацагдаж байсан нэвтрүүлгүүд бол цаашид цацагдаад явах байх. Харин цаашид “Монгол тулгатны 100 эрхэм” нэрийн дор хийгдэх шинэ нэвтрүүлэг Монгол улсын оюуны өмчийн хуулиар зохицуулагдана.
-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлэг бичигдсэн үү?
-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн анхны бүрэлдэхүүнээр ямар ч нэвтрүүлэг бичигдээгүй байгаа. Анхны бүрэлдэхүүнгүйгээр хоёр дугаар гарсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тэр хоёр нэвтрүүлэгт АУЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай мөн санаачлагч, хөтлөгчийн хувьд би ч оролцоогүй байгаа.
-Том бүлэглэл бичлэгийг хулгайлж цацаагүй байна гэж та үзэж байгаа юм байна тийм үү?
-Тийм. Энэ бичлэг алдагдахад гадны ямар ч нөлөөлөл байгаагүй өөрөөр хэлбэл “Том бүлэглэл” гэж юм байгаагүй байна гэдэг дүгнэлт гарсан байсан.
-Тэгэхээр дотроосоо бичлэг алдагдсан гэсэн үг үү та юу гэж харж байгаа вэ?
-Би өөрөө хууль цагдаагийн байгууллагын өмнөөс энэ асуултад тийм ийм гэж хариулах эрх зүйн боломж байхгүй. Хувийн бодлоо хэлэхэд саяхан сэтгүүлч н.Ганчимэгтэй ярилцлага хийж байхад энэ бүхний “бай нь хэн байсан бэ, бай нь юу байсан юм бэ?” гэж надаас асууж байсан. Би энэ тухай бодсоор л байна.
-2012 онд П.анужин миний санааг хуулсан гээд нэг залуу шуугиулсан энэ талаар та хариулт өгөөч?
-Тийм яриа гарч байсан гэсэн. Гэхдээ би тэр хүнтэй ч уулзаж үзээгүй, Тэр хүн ч над дээр ирж уулзаагүй тиймээс тэр хүнээс өөрөөс нь энэ тухай тодруулсан нь дээр байх гэж бодож байна.
-Баатар найруулагч та хоёрын хооронд таагүй харилцаа үүсэн гэж ойлгож болох уу?
-Бидний хувийн ямар нэгэн таагүй харилцаанаас болсон гэж битгий гуйвуулаасай гэж та бүхнээс хүсэж байна. Хэвлэлийн хурал дээр хэлсэнчилэн хууль хяналтын байгууллагын дүгнэлт шинжилгээн дээр үндэслэж энэхүү мэдээллээ хийж байгаа юм шүү гэдгээ хэлмээр байна.
Х.Баяаа