Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Хуульчдын холбоонд бүртгэлтэй 78 нөхөрлөлийн төлөөллийг урьж оролцуулан өмгөөллийн нөхөрлөлийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, хөгжлийн чиг хандлагын талаар хөндөн ярилцсан билээ. Тус уулзалтаар Өмгөөлөгчдийн хорооны дэргэд Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн дэд хороог байгуулах санал гаргасан бөгөөд энэ саналыг Хуульчдын холбооноос дэмжиж, үр дүнтэй болгохыг зорьж буй юм.
Энэ хүрээнд Хуульчдын холбооны удирдлагууд өмгөөллийн нөхөрлөлүүдийн ажлын байран дээр нь зочлож, үйл ажиллагаатай нь танилцаж, нөхөрлөлийн удирдлагуудтай уулзаж саналыг нь сонсож байна. Тодруулбал, өнгөрсөн баасан /2016.04.29/ гаригт Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд нар “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч З.Сүхбаатартай уулзлаа. Уулзалтаар Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн дэд хороо байгуулах, нөхөрлөлүүд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлээд сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг ярилцсан бөгөөд “Монгол өмгөөлөгч”-ийн зүгээс эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Цаашид Хуульчдын холбооноос бүх өмгөөллийн нөхөрлөлөөс дэд хороо байгуулахыг дэмжих эсэх асуудлаар санал авах юм. Учир нь өмгөөллийн нөхөрлөл хөгжих, үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа бөгөөд дэд хороо байгуулснаар нөхөрлөлүүд энэ асуудлаа хамтдаа ярилцаж, шийдвэрлэх боломжтой. Харин Хуульчдын холбооноос дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.