Зика вирус өмнө нь тооцоолж байснаас ч илүү аюултай болохыг Бразилийн эрдэмтэд баталж байна. Шинжээчдийн мэдээлснээр уг вирус нь нярай хүүхдийг бичил тархины хам шинжтэй болгоод зогсохгүй халдвар авсан хүнд мэдрэлийн ноцтой эмгэг үүсгэдэг гэнэ.

insect_mosquito_pregnant-women-735_350_resize-compressed-680x380

Бразилийн мэдрэлийн эмч Ренато Сагийн хэлснээр мэдрэлийн системд вирусын сөрөг нөлөө удаан хугацааны турш ажиглагдахгүй нууц хэвээр оршдог байна. Ийм шинж вирусын халдвар авсан таван эмэгтэй тутмын нэгд үлддэг аж. Тэгэхээр олон эмэгтэй өөрийгөө Зика вирустэй гэдгээ мэдэлгүй амьдардаг гэсэн үг. Хаврын улиралд дэлхий даяар энэхүү аюулт вирус тархах үзэгдэл улам нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ. Дөрөвдүгээр сарын эцсээр нийтэлсэн нэгэн судалгаанд Зика вирус Австралийн хойд хэсгээс Өмнөд Ази хүртэл, Баруун, Өмнөд Африкийн бүх хэсэгт, түүнчлэн Өмнөд, Хойд Америкийн ихэнх нутгаар, АНУ-ын эргээр тархах магадлалтай болжээ. Зикагийн тахал гарах магадлалтай эдгээр бүсэд 2.2 тэрбум хүн аж төрдөг юм. Үүнээс гадна ДЭМБ-ын мэдээлснээр 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 20 хүртэлх сүүлийн есөн жилийн хугацаанд энэ вирус дэлхийн 66 оронд тархжээ. Ингэхдээ найман оронд хүнээс хүнд бэлгийн замаар халдварласан байна. Энэ улсын тоонд АНУ, Чили, Итали, Шинэ Зеланд, Аргентин, Франц, Перу, Португаль орсон аж.

Хүүхдэд бичил тархины хам шинжээс ч өөр аюул учруулдаг

Освальд Крузын нэрэмжит Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн флавивирусын лабораторийн удирдагч Ана Мария Биспогийн мэдээлснээр эрдэмтэд Зика вирусыг судалж дуустал нэлээд цаг хугацаа зарцуулах шаардлагатай гэнэ. Тус хүрээлэнгийн судлаачид хиймэл мини тархинд судалгаа хийсний үндсэн дээр Зика вирустэй эхээс төрсөн хүүхдүүд зөвхөн бичил тархины хам шинжтэй болоод зогсохгүй харааны гажиг зэрэг өөр олон өвчин тусах эрсдэлтэй болохыг тогтоожээ. Ана Мария Биспо бол Зика вирусыг ургийн усанд нэвтрэх чадвартай, энэ нь бичил тархины хам шинж үүсгэхэд нөлөөлдөг болохыг судалсан анхны эрдэмтэн юм. Гэхдээ Зика вирусээр халдварласан эхээс төрсөн бүх хүүхэд ийм хам шинжтэй болдоггүй хэмээн тэрбээр баталж байна. Тиймээс ямар тохиолдолд бичил тархины хам шинжтэй хүүхэд төрдөг, аль тохиолдолд үгүй болохыг судлах шаардлагатай гэж энэ эрдэмтэн үзжээ. Бичил тархины хам шинж гэдэг нь гавлын яс, тархины дутуу хөгжлөөс болж оюуны хомсдолтой, мэдрэлийн сааталтай болох үзэгдэл юм.