Зургаан банкнаас зээлийн хүүгээ бууруулахыг шаардлаа

Зээлдэгчдийн холбооноос нэр бүхий зургаан банкинд зээлийн хүүгээ бууруулах шаардлага хүргүүлээд байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Сар орчмын өмнө зээлийн хүүг бууруулах шаардлагатай байгаа талаар Ц.Солонго нарын иргэд хэвлэлийн хурал хийсэн бөгөөд үүнээс хойш 3000 орчим иргэн тэдэнтэй холбогдсон байна.

Улмаар зээлдэгчид нийлэн тус холбоог байгуулсан байна. Ингээд зургаан банкинд энэ сарын 3-нд 3000 орчим иргэний гарын үсэг, өргөдөл, мессеж зэргийн хавсаргасан 130 орчим хуудас бүхий шаардлагаа хүргүүлжээ.

Тэд

  • Барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох,
  • Хэт нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх,
  • Жилийн 15 хувиас дээш хүүтэй зээлийг хүүг буулгах зэрэг санал тавьжээ.

Гурав хоногийн хугацаанд дээрх саналд хариу өгч, хамтран ажиллаагүйгээс үүдэн нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж хяналтаас гарах, зээлийн дарамтаас болж амиа хорлох, эрүүл мэндээр хохирох зэрэг асуудал гарвал банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, удирдлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна гэв.

Монголын төрөөс малчдын зээлийн хүүг 29-өөс 10 хувь болгон бууруулж байгаа нь иргэдийн зээлийн хүүг ч бууруулах боломжтой гэдгийг баталж байна гэж тэд үзэж байгаагаа хэлсэн.

Зээлдэгчдийн холбооны дэд тэргүүн М.Эрдэнэбилэг “Банкны төлөө амьдарч байгаа юм шиг л байна. Өглөө сэрэхдээ зээлээ бодож сэрж байна. Маш олон иргэд ийм нөхцөлд байна. Ийм дарамтаас болоод амиа хорлосон тохиолдол бий. Тиймээс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэсэн юм.

Тэд зээлийн хүүг дэлхийн жишигт буюу 4 хувьтай байх боломжтой гэж үзэж байна.

Хэрэв арилжааны банкууд эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулах уян хатан байдлаар зээлийн хүүгээ багасгаж, зээлийн гэрээгээ өөрчлөхгүй бол дараагийн арга хэмжээнүүдийг авах олон санал иргэдээс ирж байгааг ч дуулгав.

Эх сурвалж: gogo.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …