Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэд жилийн турш төлсөн татвараасаа тодорхой хэсгийг буцаан авах боломж бүрдсэн. Тухайн жилдээ шинээр орон сууц худалдан авсан, хувьдаа сууц барьсан болон хүүхэд нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцдаг иргэдийн хувьд татварын буцаан олголтод хамрагдаж байгаа. 2015 онд дээрх болзлыг хангасан иргэд энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудыг бүрдүүлэн өгсөн бөгөөд эхний ээлжинд материалаа өгсөн хүмүүст татварын буцаан олголтыг өгчихөөд байгаа юм. Эхний ээлж буюу нэгдүгээр сарын 22-ноос өмнө бичиг баримтаа бүрдүүлж татварын албанд өгсөн 11 700 иргэнд 9.2 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өнгөрсөн сард олгожээ.
Харин хоёр дахь удаагийн буцаан олголтод 23 мянга орчим иргэн хамрагдах юм. Тавдугаар сардаа багтаан 16 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгөхөөр шийдвэрлэжээ. Уншигч та эхний ээлжинд багтаж татварын буцаан олголтын мөнгөө аваагүй бол http://www.mta.mn/answer/refund2013 линкээр орж татварын буцаан олголтод багтсан эсэхээ шалгаарай. Регистрийн дугаараа бичиж шалгахад тань “Үр дүн олдсонгүй” гэсэн хариу гарч байвал, харъяа дүүргийнхээ татварын албанд хандаарай.