Өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, Бэст вестэр примиер, “Туушин” зочид буудал хамтран “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг”-ийг Нутгийн захиргааны IV байрны Хурлын танхим /хуучнаар Улаанбаатар хотын банк/-д зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгөөр Нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Зочид буудал зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй ажлын байрны захиалгатайгаар оролцох юм. Ажилд орж, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй болон тавигдсан шаардлагыг хангасан иргэдтэй ярилцлага хийж, ажлын байраар хангах үйл ажиллагаа явагдана.
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдснаар “Ажилтай орлоготой монгол” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
2013 оны өнгөрсөн сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд 6255 ажлын байр шинээр бүртгэгдэж, 15355 ажлын байрны захиалга, 8969 ажилгүй иргэнийг бүртгэж, нийт бүртгэлтэй иргэдийн 5748 нь буюу 64 хувь нь зуучлагдсан байна. Нийт бүртгэлтэй иргэдийн 3.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 30 хувийг тохирох ажилд зуучлан ажиллаж байна.