Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар, Г.Цоггэрэл нар ажиллана

f0bdeac4d4841d37a3a35f4820a41904Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцууллаа.

Нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулжээ.

Наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэж Үндэсний хороо шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээр ахлуулан байгуулсан юм.

Шалгаруулалтын удирдамжийг соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн 20 орчим байгууллагад албан тоотоор хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан талаар Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хорооны дарга, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ танилцууллаа.

Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажилладаг. Баяр наадмын бэлтгэлийг эртнээс сайтар базааж, хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сурын тэмцээн нь маргаангүй, урлаг, соёлын арга хэмжээнүүд нь наадамчдын сэтгэлд хүрсэн, гол нь аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Мөн баяр наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг гаргаж, дараагийн хуралд танилцуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …