Яг одоо 3, 4-р хороололд нэгэн залуу өөрийн эзэмшлийн том оврын автобустайгаа эсэргүүцэл илэрхийлж, төр засгаас жирийн иргэдэд худалдаа эрхлэх боломж олгохгүй бол автобусаа шатаана хэмээн “сүржигнэж” байна.
Тэрээр автобусандаа кофе, шорлог зэрэг хөнгөн зуушны худалдаа эрхэлдэг боловч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан учраас цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон байна. Тиймээс л ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Залуус үйл ажиллагаа явуулж, ашиг олж, амьдрал ахуйгаа сайжруулж болно. Гэвч бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Худалдаа үйлчилгээний байгууллагын авто зогсоолыг бүхлээр эзэмшиж, хуульгүй мэт загинаж байгаа хүний үйлдлийг ямар төр зогсоох нь зүйтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа бол зөвшөөрөл, гэрээ хэлцэл гэж зүйл байх ёстой. Үүнийг л шаардаж “дур зоргоороо авирлагч”-ийн үйлдлийг хуулийн байгууллагынхан зогсоож гэж харж байна.
Гэтэл “Ядарсан иргэдийг бараа заруулахгүй байна”, “Монголын төр залуу үеийн эрийг бүү мохоо” гэгчлэнгээр үзэл бодлоо илэрхийлж, цаашлаад автобусаа хүртэл шатаах арга хэмжээ авна гэж “сүрдүүлж” байгаа аж.
Аливаа хууль дүрмийг ягштал биелүүлээд байхад төр хатуурхаж байгаа бол ямар тэмцлийг сонгож болно. Бид ч дэмжинэ. Гэвч хуульгүй улсад амьдарч буй мэт аашилчихаад, бүр “давраад” өөрийн болон бусдын аюулгүй байдал заналхийлнэ гэдэг хууль зөрчиж буй хэрэг юм. Энэ тохиолдолд төр хатуурхах, хүч хэрэглэх ёстой гэсэн хуулийн заалт ч бий.
Тиймээс хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ, “автобустай ядарсан залуу” минь.
Х.Баяр