НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх хоёр иргэн хоёулаа холбогдох байгууллагад хандаад буй. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон юм. Гэвч тэрхүү азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас ийнхүү азтан болж чадаагүй.
Улмаар Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн эзэн болсон гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж улмаар тухайн хоёр иргэнд хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж баттай эх сурвалж мэдээллээ. Учир нь тэд хоёулаа хуурамч баримт үйлдэн Гааль, татварын ерөнхий газарт хандсан нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Говь-Алтай аймгийн уугуул иргэн А өөрийгөө азтан болсон гэж мэдэгдэн Гааль, татварын ерөнхий газарт хандсан. Тэрбээр “Дэлгүүрээс юм худалдаж авахаараа баримтаа тухай бүрт нь бүртгүүлэлгүй цуглуулж байгаад нэг мөр бүртгүүлье гэж бодоод 3 сарын 20-ноос өмнө 70 гаруй баримт нэг дор бүртгүүлсэн юм. Тэгээд 400 саяын азтан тодорлоо гэх өдөр өөрийнхөө баримтуудаас шүүгээд харсан чинь яг миний баримтын сери таарсан. Энэ нь би хот орох үеэрээ Гачуурт руу явах замдаа Оргил худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн 19580 төгрөгийн баримт юм. Тэгсэн мөртлөө бүртгүүлэх үед буланд нь гардаг мэдээлэл нь ирээгүй” гэж мэдээлсэн юм.
Харин түүний дараахан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц “01 дүгээр сарын 27-ны өдөр Ботаникт байдаг хамаатныдаа очихоор Оргил супермаркетаар үйлчлүүлсэн бөгөөд 400 саяын тохирлын азтан мөн л өөртэй нь нэг өдөр Оргилоор үйлчлүүлсэн гэдгийг дуулаад интернетээр азтан тодруулсан бичлэгийг нөхөж үзсэн аж. Гэтэл азтангийн дугаар өөрт нь байсан баримтын дугаартай яг таарсан тул даруйхан цахимд бүртгүүлье хэмээн e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч болоогүй байна” гэж мэдэгдсэн юм.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com