Шатахууны үнэ буурчихлаа, өргөн хэрэглээний барааны үнэ хэзээ буурах вэ

146396709957425d7b9848a

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ буурсан талаар мэдээлсэн.

Тодруулбал, шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэсэн юм. Гэтэл шатахууны үнээс хараат гэх тодотголтой өргөн хэрэглээний барааны үнэ яагаад буурахгүй байна вэ.

Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ нэмэгдэнэ гэх сургаар л өргөн хэрэглээний бараа, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс болон такси үйлчилгээний километр тутмын хөлс тэнгэрт хөөрч, ашиг хайгчдыг өөгшүүлж, иргэдийн амьдралыг доройтуулсаар ирсэн.

Гэвч үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн шатахууны ханш буурчхаад байхад “яагаад өргөн хэрэглээний бараа, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс буурахгүй байна” гэсэн гомдол хүн бүрийн амнаас урсах болсон нь нууц биш.

Арга ч үгүй биз, 2009 оны долдугаар сарын эцэст шатахууны үнэ 30-90 төгрөгөөр нэмэгдэхэд, бараа, үйлчилгээний үнэ дагаад өссөн. Мөн хувийн такси үйлчилгээний километр тутмын хөлс нэмэгдсэн. Энэ нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудаас үндэслэлгүй нэмсэн хэмээн үзэж, эсэргүүцэж байсан ч такси үйлчилгээ үзүүлэгчид үнээ буулгаагүй. Энэ мэт жишээг дурдаад байвал дуусахгүй. Тэрчлэн шатахууны үнэ өсөх сургаар л барааны үнийг хөөрөгдсөн тохиолдол ч цөөнгүй бий.

Мөн “Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор үнээ нэмэхээс өөр арга алга” хэмээн такси үйлчилгээний километр тутмын хөлсөө нэмсэн таксины жолооч нар өнөөдөр километр тутамд 800 төгрөгөөр иргэдэд үйлчилсээр.

Үүн дээр хяналт тавьдаг, үнээ буулгахыг шахаж шаарддаг хүн байхгүй болохоор гайхах зүйл ч алга. Уг нь “Бензиний үнэ буурсан учраас таксины жолооч нар үйлчилгээнийхээ үнийг тэд буулгах ёстой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг мөн адил хувиар буулгах нь зүйтэй . Хэрвээ ийм үнэ мөрдөхгүй бол тийм хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зүйл байх ёстой. Үүнийг “Хэрэглэгчийн эрх ашиг” гэсэн үгээр тодотгосон төрийн болон төрийн бус холбогдох байгууллагын зүгээс шаардаж яагаад болохгүй гэж.

Ямартай ч иргэдийн амьдрал туйлдаж, айл өрх бүрт хямрал нүүрлэсэн энэ цаг үед шатахууны үнийг дагаж өсгөсөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг, шатахууны үнийн бууралттай уялдуулан бага ч болов буулгах шаардлагатай байгааг олон нийт дуу нэгтэйгээр хэлж, бас хүлээсээр байна …

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …