Тойрогтоо “гологдсон” эрхэм нэрээ солиод, “бууриа сэлгэв”

1464310640_6faad95bf7985ab36ae615abb5c6b797

Энэ сонгуулийн сургаар “хэвлэлийн баатар” болоод байгаа хүн бол Д.Батбаяр. “Холуур явсан гайг өөртөө дуудаж”, түүгээрээ сөрөг дүрийн баатар болж хувирчихаад байгаа хүн л дээ. Панамын бүсэд бүртгэлтэй оффшор данснууд ил болох дуулианаар Д.Батбаярын нэр дээр бүртгэлтэй хэд хэдэн данс илэрсэн юм.

Мань хүн үүнийгээ ч зөвшөөрч “надад сумо барилдаж байх үед цалингаа авдаг таван данс байсан. Зарим нь одоо ч байгаа. Гэхдээ ашигладаггүй” гэж мэдэгдсэн байдаг.Гэтэл энэ мэдэгдлээс хойш долоо ч хонолгүй нэгэн “бүтэлгүй санаа” олсон нь өөрийнхөө нэрийг сольсон явдал байв.

Тодруулбал, тэрээр өнгөрөгч сонгуульд оролцохдоо өөрийн Даваа овогтой Батбаяр нэрийг өөрчилж, Даваа овогтой Кёкүшюзанбатбаяр болгосон байжээ. Ер нь Монголд байтугай дэлхийд ч цорын ганц гэж тооцогдох нэртэй нэгэн болж л дээ. Хамгийн сонин нь ингэж нэрээ өөрчлөхөөр өмнө нь эзэмшиж байсан оффшор дансууд нь өөрт нь огт хамааралгүй болчихсон мэт зүйл яриад байгаа юм. Бүр үүнийгээ баталгаажуулахаар Авлигатай тэмцэх газарт хүртэл хандсан байна.

Харин АТГ-аас түүний хүсэлтийн дагуу нэн даруй шалгалт явуулж, хорооны тодорхойлолтоос долоон дор дөрвөлжин цаасан дээр “оффшор данстай Д.Батбаяр нь Д.Кёкүшюзанбатбаяраас өөр хүн юм байна” гэх утга бүхий тайлбар бичээд явуулсан байгаа юм.

АТГ оффшор бүсэд бүртгэлтэй хүний талаар мэдээлэл авч чадах чадамжтай байгууллага мөн билүү. Англид амьдарч байгаа “АНУ-ын иргэн” гэгдэх нэгэн эрхмийг очоод аваад ирэх чадалгүй хэрнээ хууль, тогтоомжоор хамгаалагдсан оффшор бүсийн мэдээллийг ийм түргэн шуурхай илрүүлж, данс эзэмшигч мөн, бишийг тогтоож байгаа нь учир дутагдалтай. Үнэн зөв тодорхойлолт мөн үү гэх хардлагыг ч төрүүлээд байгаа юм.

АТГ-ын чадамж ч нэг их чухал асуудал биш учир ингээд орхиё. Харин Д.Батбаярын эзэмшдэг данс Д.Кёкүшюзанбатбаяр болчихоор гэнэт алга болчихдог энэ сонин үзэгдлийг түр анзаарвал ямар уу?

АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар оффшор бүсэд данстай, оффшортой нэр нь холбогдсон, холбогдож байсан эрхмүүдийг намын нэрийн өмнөөс нэр дэвшүүлэхгүй байх санал, санаачлагыг гаргасан. Энэ дагуу бол Даваагийн Батбаярт нэр дэвших боломж, бололцоо бүрдэхгүй нь. Харин Даваа овогтой Кёкүшюзанбатбаярт боломж байна. Тиймээс л нөхөр уг асуудал ингэтлээ анхаарлаа хандуулж “өчигдөрхөн надад ашигладаггүй оффшор данс бий” гэж байснаа өнөөдөр болохоор “Хуулийн байгууллага надад оффшор данс байхгүй гэдгийг баталж, албан бичиг явууллаа” гээд л мэдээллээд явж байх нь тэр.

Д.Батбаяр оффшортой юу, үгүй юу сонгогчдод бол чухал асуудал биш. Харин намаасаа нэр дэвших эрх авч чадахгүй байж магад гэсэндээ л ингэж “сүржигнэсэн” байж таарлаа. Тэгвэл тэрээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ намын анхан шатны байгууллагаасаа юу ч гэсэн авч чаджээ. Оффшор минийх биш гэж гүйсний эцэст үр дүнд хүрч. Гэхдээ түүнийг эцсийн байдлаар нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдгийг АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэнэ. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ авч чадалгүй хасагдсан олон түшээд бий. Тэд зүгээр л тойргоо тавиад явуулчихгүй л байх. Тэгэхээр ҮЗХ дээр хэрэг бишдэж болзошгүй. Өөрөөр хэлбэл Харин Даваа овогтой Кёкүшюзанбатбаярт “эрт баярлаад хэрэггүй” л гэж хэлмээр байгаа юм.

Өмнө нь буюу 2008 онд Д.Батбаяр Сонгинохайрхан дүүргээс сонгогдож УИХ-ын гишүүн болж байсан. Гэвч түүнийг “хангалтгүй ажилласан” хэмээн сонгогчид нь үнэлсэн. Өөрөө ч “УИХ-ын гишүүн байхдаа чуулганаа тасдаад унтчихдаг байсан” гээд л яриа өгч ямаршуу ажиллаж байснаа хэлсэн байдаг.

Харин 2012 онд өөрийн төрсөн нутаг гэгдэх Ховд аймагт нэр дэвшээд унасан байдаг. Ерөнхий дөө Ховдчууд түүнийг голсон хэрэг л дээ. Тэгсэн мань хүн жил Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь “ямар нэгэн зүйл”-ийн зөвлөхөөр нь ажиллаж “сайдыг ядраачихгүй л хичээж ажиллаж явна” гэж хэлээд л онигоонд орж явсан удаатай.

Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд “амташсан хэрээ 13 нахина” гэгчээр нэрээ сольж аваад л Сонгинохайрхан дүүрэгт дахин өрсөлдөхөөр зүтгэж байна.

Сонгиночууд “ард түмний хайртай хүү” хэмээн нэг удаа түүнийг дэмжсэн л байх. Энэ удаад дэмжих эсэхийг ёстой хэлж мэдэхгүй юм. Бараг л АН нэг суудал алдах болов уу гэж таамаглаад байгаа. Аз л мэдэж дээ гэдэг шиг Тойрогтоо “гологдсон” эрхмийн сольсон нэр нь л тус болдог л байгаа даа.

Эх сурвалж:Undesten .mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …