Архангай аймгийн Тариат суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд унаганы баяр болно. Унаганы баярыг “Морин-Аялал” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд баярын үеэр унага тамгалах, унаганы уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах аж. Эхээс төрж, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож, унагыг тамгалдаг юм байна. Монголчууд намрын адаг сарын бар, нохой өдрийг товлож унагаа тамгалдаг уламжлалтай. Унагаа тамгалаад ”тамга тасам болог” гэж ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ. Мөн энэ өдөр адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр нэг унага зүслээд уралдуулж хийморь лундаагаа үздэг байна.
Адууны тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхэд дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмань гээд арваад төрөл байдаг. Социализмын үед дэлхийн II дайныг өдөөсөн Гитлерийн фашизмын бэлгэдэл нь хас тэмдэг байсан учраас хас орсон тамга бүрийг устгаж байжээ. Уг нь үргэлж мөнхөд тасралтгүй оршин байхын бэлгэдэл агуулсан Монгол адууны тамга юм.