Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгууллаа.
“Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжиж үндэсний 31 компани хамтран ажиллах бөгөөд эдгээр аж ахуйн нэгж, компаниуд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний иж бүрэн шийдлээ танилцуулсан үзэсгэлэнг Чингисийн талбайд гаргасан байна. Эхний ээлжинд нийслэлийн 69200 айлыг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Эдгээрийн төлөөлөл зарим иргэдэд өнөөдөр хөтөлбөрт хамрагдах батламж гардууллаа. “ Хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан 60 хүртэл сарын хугацаатай, жилийн хүү 5 хувийн хүүтэй зээл олгох юм. Зээлийн дээд хэмжээ нь 10 сая хүртэл төгрөг байх бөгөөд эхний хоёр жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлнө.