Г.Баярсайхан:Хүүхдийн хөдөлмөрийг мөлжинө гэдэг, ирээдүйгээ хэмлэж байгаатай адилхан

1465449273_04-21-7

Олон Улсын ” Хүүхдийн Хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр” –т зориулав

Өнөөгийн Монголд элбэг харж болох зүйл нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг буюу хүнд хүчир ажил хийж байгаа балчир хүүхдүүд. Хэдийнээ нүднээ дасал болчихсон ч юм шиг дүр зураг. Баячуудын зугааг гаргах гэж хахир өвлийн хүйтнээр хацраа хөлдөөн барин, амь насаараа дэнчин тавьсан мэт бөөнөөрөө давхилдана, эс бөгөөс Нарантуул захаар нэг том том ачаа бараа зөөсөн нялх балчир хүүхдүүд холхилдоно, машин замын хөдөлгөөн дунд мөн л хүүхэд элдэв юм зарах гэж жолооч нарыг царайчилна, эсвэл эцэг нь архины мөнгөө олохын тулд нялх хүүхдээрээ гуйлга гуйлгаж, гудамжны цементэн дээр суулгаж хээв нэг одно.

Хөдөө нутагт бол хар багаас нь хонины хөл бариулж байгаад нүдэн дээр нь мал юугаа төхөөрнө, тэрчлэн мал нядалгааны газарт ажиллуулж байгаа нь ч бий. Үнэхээр цочирдом дүр төрх шүү. Ер нь, манайд тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Энэ бол хэнэггүй ,Монгол хүн ,түүний эцэг эх , асран хамгаалагч гэхээсээ ажил олгогч хэн нэгэн этгээдтэй шууд холбоотой. Нөгөөтэйгүүр, Монгол хүмүүсийн дийлэнх нь хүүхдээ өөрийн нэг өмч мэт үздэг , хүүхдээ хүндэтгэх, хайрлах , хамгаалах тал дээр үнэн тааруухан улс.

Цаашлаад, хүүхдийн эрх ашиг гэж ярьвал зарим нь бүр ойлгох ч үгүй. Би хүүхдээ мэдье, чи битгий олон юм ярь гэж хоолой торохгүй, нүд цавчихгүй өөдөөс чинь хэлнэ гэж мэд. Гэвч бид энэ мулгуу хандлагаасаа ангижрах хэрэгтэй байна. Бяцхан үрсээ хөдөлмөрийн мөлжлөгөөс аварч, улмаар таслан зогсоох хэрэгтэй болжээ. Өнөөдөр манай улсад 100 мянга гаруй хүүхэд ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй нь хүнд хортой нөхцөлд л өдөржин шөнөжин ажиллаж, жинхэнэ боолын хөдөлмөр эрхэлдэг байна. Мэдээж, тэдэнд цалин хөлс гэж байхгүйтэй адил.

Өөрийгөө бүрэн хамгаалах чадваргүй бага нас нь тэдний буруу биш байлтай. Сүүлийн үед Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах талаар олонтаа ярьж буй Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайханд иргэд талархан хандаж байна. Тэрээр “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлж, 2016 онд хүүхдийн хөдөлмөрийг бүрэн устгах зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Мөн Хөдөлмөрийн сайдГ.Баярсайханы санаачилгаар 2015 оноос манайд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах аян хэрэгжиж эхлээд байна. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2016 оны Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг ” Нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдийн хөдөлмөрийг хориглоё ,энэ нь хүн бүрт хамаатай ” гэх уриатайгаар угтаж байна. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2002 оноос эхлэн жил бүрийн 6 –р сарын 12 ны өдрийг Хүүхдийн Хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг болоод удаж байхад бид хүүдээ хамгийн сүүлийн эгнээнд тавьсаар л явна. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй байна, хүмүүсээ.

Н.Ариун

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …