Ерөнхий сайд БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайдыг хүлээн авч уулзав

1466216631_0217051074da3e81f418999c1208a08a3325f0ac5

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний хоёрдахь уулзалтад оролцсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг өнөөдөр (2016.6.17) хүлээн авч уулзан Монгол, Хятадын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ноён Кун Сюанью БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалт Улаанбаатарт амжилттай зохион байгуулагдсанд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаанд тэргүүн ээлжинд анхаарч шийдвэрлэхийг Монголын тал эрмэлзэж байгаа зарим тодорхой асуудлаар Засгийн газрын байр суурийг тайлбарлаж БНХАУ-ын Засгийн газарт уламжлахыг туслах сайд Кун Сюаньюгээс хүслээ.

Тухайлбал, Тавантолгойн нүүрсний орд, төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийн талаар манай талын байр суурийг илэрхийлж, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр, Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт – Ганцмод, Шивээхүрэн – Сэхээ боомтыг олон улсын зэрэглэлд хүргэх, мах, махан бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд үргэлжлүүлэн гаргахад Хятадын талаас дэмжлэг хүсэв.

Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад хариу мэндчилгээ уламжилж, ойрын үед ноён Ли Көцянтай хоёрдахь удаагаа уулзаж хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцох бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Уулзалтад Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …