Ч.Ганхуяг: АН-ын нөхөд большевикуудын зангаар авирлаж байна

 МАН ялагдсандаа гоншигоноод, шархаа долоогоод хэвтээд байх боломжгүй 

МАН-ын Бага хурлын гишүүн, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-МАН-ын Бага хурлаар ши­нэчлэл хийгдэх байх хэмээн олон нийт нэлээд анхааралтай ажиглаж байлаа. Гэсэн ч то­дорхой шийдэлд хүрсэнгүй. Бүх асуудлыг Их хурлаар шийд­нэ гэсэн бүрхэг хариулт өгсөн. Бага хурлын гишүүний хувьд нам яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ гэдгийг тайлбарлаач?

-Нийгэмд МАН-ын дарга, удирдлагууд шинэчлэгдэх нь гэсэн хүлээлт үүссэн нь үнэн. Гэхдээ дотор нь байгаа хүний хувьд хэлэхэд Их хурлаа зарлан хуралдуулах, шинэчлэлийн асууд­лыг нам дотроо ихэнх нь хү­лээн зөвшөөрч байгаа нь өөрөө их амжилт.

Сая болсон Бага хурлын үеэр “Шинэчлэл” гэдэг үг дарга, цэрэг бүх л хүний амнаас гарч байна. Санал, шүүмжлэлийг нэ­лээд халуухан өрнүүллээ. Тэгэ­хээр шинэчлэлийг ялаг­дал­даа дүгнэлт хийж, дараа, да­раагийн улстөрийн тэмцэлд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгээр харж болно. Мөн нэгэнт сөрөг хүчний байр сууринд ирчихээд эрх баригч намын бүтцээр ажил­лах нь зохисгүй. Тиймээс дүрэм болон бусад асуудлаа өөрч­лөхөөс аргагүй. Энэ хоёр асуудлын нийлэмж нь МАН-ын дараагийн бүтэц, зохион бай­гуулалт, хэн удирдах, баг бүрэл­дэхүүнийг тодор­хойлогч гол хүч болох бо­лов уу гэж бодож байна.

-МАН-ын залуус шинэч­лэ­­лийг яагаад гэнэт эрчим­жүүлэв?

-Шинэчлэлийг ярьж эхэлсэн шалтгаан нь манай намын өнөө­гийн удирдлагын удаан, уужуу, тайван байдал юм. Сөрөг хүчний үүрэг, хариуцлагатай байх хэрэг­тэй биз дээ. Засгийн газар нь алдаж байвал хэлж, зааж, олон түмний дэмжлэгийг авч голдрилд нь оруулахад дэмжиж, туслах хэрэгтэй, тэмцэх ёстой. Энэ ажлаа хангалтгүй хийж байгаа болохоор сөрөг хүчин байх учиртай МАН ялагдсандаа гоншигоноод, шархаа долоогоод хэвтээд байх боломжгүй. Үүнийг МАН-ын бүлэг, намын удирд­лагуудтай холбож ойлгож болно.

Нөгөөтэйгүүр засгийн эрхийг аваад ажиллаж байгаа нөхөд дэн­дүү болчимгүй үйлдлүүд гар­гаж байна. Нийгэм, эдийн зас­гийн байдал үнэхээр доройтож эхэл­лээ. Оюутолгой дээр гаргаж буй алдааг хүн бүр мэдэж байгаа. Гэвч хэлээд шүүмжиллээ гэхэд ганц хүний хувьд яаж дийлэх вэ.

Таван толгойн хувьд өнгөрсөн жил Чалькотой хийсэн гэрээ, урьдчилгаа мөнгөний асуудал дээр л гацаад байгаа. Үндсэндээ манай бизнесийн түншүүдэд таа­тай мэдрэмж төрүүлэхгүй байна.

-Дараагийн гарч ирэх баг АН-ынханд, олон нийтэд “олз­лог­дохооргүй”, шалгасан ч юу ч гарахгүй, цэвэр хүмүүс байх юм гэж ойлгож болох уу?

-Манай удирдлагууд албан дотроо Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, удирлах зөвлөл мөн өөрөө бага хурал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байж дараагын их хурал нь хуралдсаны үндсэн дээр энэ намыг аваад явах дараагийн баг бүрэлдэхүүн тодрох болно.

Шинэ баг гэдэг утгаараа дараагийн бүрэлдэхүүнийг гар­гаж ирнэ. Гэхдээ дандаа шинэ хүн гэхгүй шүү дээ. Сайн ажил­лаж байсан гишүүддээ итгэл хүлээлгэн дахин сонгож болно.

-Харин та дараагийн Бага хуралд орох уу?

-Би тийм зорилго тавьсан. Орно гэж бодож байгаа. Сон­гуульд нэр дэвшээд ялагдсан. Мэ­дээж надад өөрт хувийн шалт­гаан байсан байх, намын хүчин зүйл ч нөлөөлсөн биз.

Томсгосон мажоритар сис­темээр явагдахад нэг намын хоёр хүнийг хооронд нь өрсөл­дүү­­лэхээр эсрэг намын гишүүнээ урдаа гаргахгүй юмсан гэхийн зэрэгцээ хэн нь хаанаас хутгалчих бол гэж болгоом­жилсоор ялагдал хүлээх тохиолдол байдаг. Энэ мэтчилэн асуудлуудад бид дүг­нэлт хийж, хариуцлагаа ухам­сарлах ёстой.

-Хариуцлага хувь хүнээс эхэлдэг гэгчээр үү? 

-Миний хувьд хариуцлагаа ухамсарлаад, дүрмийнхээ заал­тын дагуу 12 сарын хуга­цаанд намаас улстөрийн ямар нэгэн албан тушаал аваагүй. Дуугүйхэн байлаа. Улс, нийгэм, эдийн зас­гийн нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс одоо бол дуугүй суух нөхцөл боломж алга. Тэр ч утгаараа намын бүтцийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаард­­­­сан. Дарга нарын өрөөндөө ярьж хайрцагласан бодлогоор яваад амжилтад хүрэхгүй нь гэд­гийг ярилцаж, хэлэлцсэн.

-МАН-ынхан сөрөг хүчин болж хүчтэй дуугарахад хэцүү бол­лоо гэсэн ойлголт нийгэмд үүсчихлээ. Өөрөөр хэлбэл эрх ба­ригчидтай тэмцэх нь АТГ-т дуудагдах шалтгаан болж бай­гаа биз дээ? 

-Ялагдал авлигатай холбоо­той байхыг үгүйсгэхгүй. Үүнийг АН-ынхан ч маш сайн ойлгуулж байх шиг байна. Газартай хол­боотой л бол МАН-ынхан гэдэг маягаар. Тэгвэл хүүхдийн парк, Бамбарууш кафе, номын сан, пончикны газар гэх мэтчилэн хүүхдийн гэж нэрийддэг байсан газруудыг хэн эзэмшсэн, тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан бэ гэдгийг хөө­гөөд, ухвал их зүйл гарч ирнэ. Гэтэл үүнийг хэлчих улстөрч ма­най намд алга.

-Хэлэх юм бол өөрийнх нь асуудлыг сөхнө гэж айдаг? 

-Үнэн. Тэр ч утгаараа муу­хайгаар хэлвэл “бөлдөгнөөсөө ба­­­риул­чихсан” дарга нараасаа салъя гэсэн байр суурьтай байгаа юм. Хэрвээ шалгахаар ямар нэг асуудалд орооцолдох гээд байгаа бол дуугардаг, хэлдэг, элдэв асуудалгүй залуусаа гаргаж ирэх нь зүйтэй.

-МАН-д тийм цэвэрхэн улс­төрч бий юу. Одоо дуугарч бай­гаа залуусыг эхнээс нь харахад л хэн нэгний татаас, эсвэл зал­гамжаар намын гишүүн бо­логсод байна лээ? 

-Хангалттай боловсон хүчин­тэй гэж ярьдаг. Тэгвэл байгааг нь мэдэрсэн юм бол тэднийгээ одоо гаргаж ирээд, итгэл үзүүлэн ажиллуулах хэрэгтэй гэмээр байна. Ингээд үлбийгээд яваад байвал ганц намыг тахин шүтэж, бүх зүйлээ Чингисээр нэрийдэн, өөрсдөдөө хөшөө барих хэмжээнд хүрэх гээд байна. Үүнийг таслан зогсоохын тулд ард иргэдэд ойлгуулж, ухуулах чадалтай, зоригтой хүмүүсээ МАН сонгох хэрэгтэй. Бид өнгөрсөн жил га­руйн хугацаанд гишүүдээ суд­­ласан. Боломжтой сайн, сай­хан ахмадууд, залуус, дүү нар лидерүүд бий.

-Залуучуудыгаа хэт турш­ла­га­­гүй, АН-ынхантай эн зэрэг­цэж ча­дахгүй гээд үнэл­дэггүй юм биш үү, намын акулууд чинь? 

-Яагаад болохгүй гэж. Н.Энхбаяр хэдэн настай байхдаа цөөн­хийн бүлгийн дарга болж, дараагийн сонгуульд нь ялалт байгуулж байлаа гэдгийг бодох хэрэгтэй. Эргээд сана. Одоо­гийн­хоос хүнд байдлаас гарсан юм шүү. Тэр үед Н.Энхбаярт ах нар нь, намын ахмадууд нь итгэл үзүүлсэн.

Гэтэл өнөөдөр Н.Энхбаяр шиг залуус байгаа хэр нь Даш-Ёндон гуай шиг уужуу бодолтой хүн удирдлага дунд алга гэдэг дүгнэлтэд хү­рэх нь. Нам ялагдахад бид дараагийн үедээ байр сууриа өгөх ёстой юм гэдгээ улстөрийн ёс зүйтэйгээр буухиагаа өгөх дарга, ах нар байгаа эсэхийг бид одоо харах гэж байна. Тэд маань “бид арай болоогүй, дахиад 2016 оны сонгуулиар жагсаалтад орчих­моор байна” гэдэг арчаагүй зан гар­гахгүй байх гэдэгт итгэж байгаа.

-Өнөөгийн эдийн засгийн байдал нэлээд хүндэрчихлээ. Сан­гийн дэд сайд байсны хувьд яавал арай тогтвортой болговол дээр вэ. Сөрөг хүчний зүгээс энэ асуудлыг хэрхэн зөвлөж, зааварчлах бол?

-Өнөөгийн эдийн засгийн байдлыг яг ийм шалтгаанаас бол­лоо гэж хэлэхэд хэцүү. Ам.дол­лар 1550 төгрөгт хүр­чих­лээ. Үүнийг дагаад гадаа­даас авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин, тосны үнэ өсөх нь дамжиггүй. Энэ өсөлт олон шалтгаантай. Гэхдээ зөвхөн Алтанхуягийн Засгийн газрын буруу гэж ярьвал утгагүй. Бу­рууг МАН ч гэсэн өөртөө ху­ваалцах ёстой.

Эрх баригчид улстөр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг гол асуудлууддаа анхаарлаа төв­лө­рүүлээд, ажлаа хийх хэрэгтэй. Түү­ний оронд жаахан мөнгө олохоор нь гурав хоног наадахын тулд Хүй долоон худагт 50 тэр­бумын хөрөнгө хаяад байвал утгагүй шүү дээ. Асуудалд тор­гон мэдрэмжтэй хандаж, эрэмб­лэх нь чухал. Үндсэндээ улсаа авч явах чад­варгүй гэдгээ дахин дахин бат­лахаа болих хэрэгтэй.

-Ядахад хяналт тавих ёстой сөрөг хүчин нь таг чимээгүй байхаар асуудалд бүр ч дураараа хандаж байгаа байх? 

-Бизнестэй холбоотойгоор АН-ынхан их муухай авирлаж байна. Тухайлбал, аливаа тендер, бизнесийг АН-ын гишүүн л авах ёстой мэт байж боломгүй үзэгдлүүд ажиглагдсан. Саяхан л мөр зэрэгцэн өрсөлдөж байсан компаниудаа дарж авахын тулд улстөр хийж байна шүү дээ.

Өнөөгийн нийгэмд хүн үзэл бодлоо өөрөө сонгож, намын ги­шүүн болох эрхтэй. Гэтэл ту­хайн бизнесийг удирдаж яваа хүний үзэл бодлыг хаах,боомилох байд­­лаар бизнесийн орчин руу гар, хөлөө дүрж байна. Уг нь олон намын тогтол­цоотой ардчилсан нийгмийг цогц­лоож байгаа биз дээ. Тэгсэн манай АН-ын нө­хөд хүйтэн дайны юм шиг, больше­викуудын зан гаргаж, авирлаж байгаа нь тун харамсалтай юм.

Ж.Нарангэрэл

images (1)

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …