Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон салбар хорооны гишүүд Хүй долоон худагт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ. Мөн уг автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьжээ. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдэв. Үлдсэнийг нь Чингисийн талбайд болох арга хэмжээ болон АСЕМ-ын үеэр хэрэглэх юм. Баяр наадмын өдрүүдэд 6800 орчим цагдаагийн албан хаагч ажиллана. Мөн морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудын орчимд тогтмол усалгаа хийж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.
Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулна. Үндэсний их баяр наадмыг наадамчин олны сэтгэлд хүрсэн, чанартай зохион байгуулахын тулд нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө гаргаж байгаа гэдгийг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.
Наадмын өдрүүдэд хотын төвөөс 10 ширхэг нийтийн тээвэр явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд автобусны тоог нэмэх шаардлагатай гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга онцлов.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай зохион байгуулж ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Наадмын үйл ажиллагааг дэг журамтай, аюулгүй зохион байгуулах, хурдан морины уралдааны хувьд элдэв маргаан үүсэхээс сэрэмжилж, унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сайтар хангахад анхааран ажиллахыг үүрэг болгов.
Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
Хурдан морины салбар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах тал дээр анхааран ажиллаж, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулна гэдгийг хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс