“Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас анхааруулга гаргажээ.
Уг анхааруулгад “Монгол Улсын Хөдөлмөрийн яам Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” болон Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Япон улсад монгол иргэдээ дадлагажуулахаар болсон.
Энэ дагуу Хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гарч Японд дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэх, сургалтад хамруулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж дууссан тул бүртгэлийг энэ сарын 23-наас албан ёсоор эхлүүллээ.
Гэхдээ бүртгэл болон дадлагажигч илгээх тухай хоёр улсын Засгийн газар хооронд хийсэн яриа хэлэлцээг илтэд мушгин гуйвуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч төөрөгдүүлэх санаатай болон санамсаргүй үйлдлүүд гарч байгаа тул албан ёсны мэдээллийг зөвхөн Хөдөлмөрийн яамны лавлах утасууд болон www.mol.gov.mn-ээс цахим хуудаснаас авч байхыг анхааруулж байна” гэжээ.
Япон улсад дадлагажих хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 28-нд дуусах юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг