Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 8 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллажээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн 40-жилийн ойн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлж, 120kb-ын цахилгаан дамжуулах шугамтай болж буй тус багийнхантай баярыг нь хуваалцсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон, Шарга багууд Цэцэрлэг сумын 6-р багийн иргэд сонгогчидтой мөн уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль, тогтоол шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэн, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцахын зэрэгцээ 2014-2016 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд тусгуулах саналыг иргэдээс авчээ.
Хөвсгөл аймгийн багш нарын холбооны тэргүүний хувьд гишүүн Ц.Даваасүрэн Мөрөн хотод зохион байгуулагдсан “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй, технологи” сэдэвт Багш нарын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцож, энэ онд баригдах Багшийн хөгжлийн ордны шавыг тавилцсан байна. Эрхэм гишүүн аймгийн төвд шинээр баригдаж буй Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын ажлын явц байдалтай танилцан ажлаа түргэвчлэн товлосон хугацаандаа хүлээлгэж өгөхийг үүрэг болгосон ажээ. Тэрбээр Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбооны тэргүүн бөгөөд энэ наймдугаар сард зохион байгуулагдах 10000-н морьтны жагсаал, 3000-н хурдан хүлэг уралдаж Геннисийн амжилтанд бүртгүүлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн төлөөлөл оролцох талаар мэдээлэл хийсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.