Бичлэг эвлүүлж бусдыг гүтгэсэн бүлэг этгээдийг урд шөнө баривчиллаа

Сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёрхон хоног үлдлээ. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаар олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл, элдэв монтажилсан видео бичлэгүүдийг нэрээ нууцалсан хуудаснаас олон нийтийн сүлжээ хуудсуудаар цацаж, бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэх, зандалчлах, заналхийлэх, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, төрийн эрхийг хууль бус аргаар авахыг санаархах зэрэг олон тооны онц ноцтой хүнд гэмт хэргүүд олноор үйлдэгдэж байгаа аж.

Нэр бүхий иргэд, нэр дэвшигчид, зарим төрийн байгууллагаас гомдол гаргасны дагуу Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтэс, Тагнуулын ерөнхий газраас сошл орчинд хяналт тавьж, хууль зөрчсэн этгээдүүдийг шуурхай илрүүлж эхэлжээ. Нууц бичлэг монтажлах, гүтгэлгийн видео бэлтгэж сошлд цацах үйлдлийг зохион байгуулалттай хийж байгаа этгээдүүдийг цагдаагийн байгууллага эхнээс нь илрүүлж саатуулаад байна. Гэмт этгээдүүд бусдын захиалгаар мөнгө авч гүйцэтгэх, эсвэл бичлэгн тавьж нэр дэвшигчээс мөнгө нэхэж шантаажлах зэрэг үйлдлүүдийг гаргажээ.

Хуулийн байгууллагын ажилтнууд шуурхай ажилласны үндсэн дээр өнгөрсөн шөнө буюу 6-р сарын 24-25-нд шилжих шөнө хуурамч бичлэг, эвлүүлэг хийж нэр дэвшигчдийг шантаажилдаг, сошиал сувгуудаар цацаж нэр хүндэд нь халддаг томоохон бүлэглэлийг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс аравдугаар хороололд байрладаг нэгэн бичлэгийн студийг битүүмжлэн шалгаж эхлээд байна.

Энэ шалгалтын үеэр УИХ-ын сонгуулийн 72 дугаартойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн эсрэг хуурамч бичлэг эвлүүлж байсан нь тодорхой болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ удаад түүний эсрэг дайралтаа илүү ноцтой болгож, секс бичлэг зохиомжилж байсан нь илэрчээ.Үүнийгээ сонгуулийн сурталчилгаа хаахаас өмнө олон нийтэд цацахаар бэлдэж байсан бололтой юм.

Уг хуурамч бичлэгийг хийхийн тулд гадаадаас өндөр хэмжээнд бэлтгэгдсэн таван график дизайнерийг хөлслөн авчирсан байх магадлалтай байгаа юм.Сонгууль эхэлснээс хойш хар пиарын хамгийн хүчтэй цохилтуудыг амсч байгаа нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгт эмэгтэй хүнийх нь хувьд секс бичлэг бэлдсэнээс гадна монголчуудад хамгийн хүчтэй нөлөөлдөг Хятадын эрлийз гэсэн дараагийн зохиолоо ч гаргасан байжээ.

Зөвхөн бичлэг тараахаас гадна бичлэгийг онлайнаар байршуулсны дараа сошл сувгуудаар шэйр хийж, олон нийтэд хүргэх зорилготой 500 хүнтэй баг бэлтгэгдсэн байсан гэсэн мэдээлэл мөн байгаа юм. Энэхүү үйлдэл нь УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан, урьдчилан төлөвлөж бүлэглэн гүтгэлэг хийсэн, садар самууныг сурталчилсан, заналхийлсэн, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан зэрэг эрүүгийн хуулийн тусгай ангийн олон зүйл заалт болон сонгуулийн хуулийг санаатайгаар ноцтой зөрчжээ.

Гэмт этгээдүүдийн үйлдэл нотлогдвол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн сонгуульд зарцуулсан бүх зардлыг эргүүлэн төлж, 25 жил хүртэл ял сонсох хуулийн хариуцлагатай юм. Одоогийн байдлаар цагдаа, тагнуулын байгууллагад Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Орхон аймгуудаас нэр дэвшигчдийг зохион байгуулалттай гүтгэсэн хуурамч бичлэг сошлд цацсан, бичлэг эвлүүлэх хэлбэрээр гүтгэсэн зэрэг асуудлаар гомдол ирээд байна.

Энэ дагуу хуулийн байгууллагын ажилтнууд шалгалт, мөрдлөг хийж байгаа гэж эх сурвалж бидэнд мэдээллээ. Хэрвээ та бүхэн хууль бус бичлэг цацсан, бичлэг эвлүүлсэн зөрчил илрүүлбэл цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг сануулж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Д.Золбоо
Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …