Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болов.
Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тахихаар болсон билээ.
Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд уг арга хэмжээг байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэнэ. Мөн тахилгын үйл ажиллагааг үндэснний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллаж байна.