Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар өчигдөр туслахаа шоронд илгээсэн, өнөөдөр нярай хүүхдийн аминд хүрлээ

ch_council_mn_1467848993_13617403_845942035537816_437015285_nУвс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа

-Увс аймагт УИХ-ын сонгууль хууль ёсны дагуу болж чадсан уу?

– УИХ-ын сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын бодлого, үзэл баримтлалын уралдаан болж чадсангүй. Мөнгөний уралдаан боллоо гэж бид дүгнэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Увс аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг  яаж хийж болдог вэ гэдгийг бодитойгоор харуулж чадсан. Аливаа зүйлд сэтгэл гаргавал мөнгөтэй ч, мөнгөгүй ч хийж болдог юм байна. Бид ард түмнийхээ өмнө хийсэн ажилтай, баримталсан зарчимтай нүүр бардам зогсож чадлаа. Харамсалтай нь сонгуульд бид ялагдлаа. Ардчилсан нам дөрвөн жил ажилласан, ардын нам дөрвөн жил шүүмжиллээ. Ардчилсан нам 1200 өдөр ажиллаад сонгуульд оролцож байхад Ардын нам мөнгө тарааж, царцаа зөөж сүүлийн гурван өдөрт сонгуулийн дүнг эргүүлсэн. Бид ялсан боловч саналаа хамгаалж чадсангүй. Ардын намынхны хар технологийг ойлгож чадаагүй. Үндсэндээ бид сонгуулиа луйвардуулчихлаа. Хамгийн санаа зовоож байгаа зүйл бол ард түмний эрхийг дээрэмдүүллээ. Хэдэн бор төрийн албан хаагчдаар тоглочих вий гэж санаа зовж байна.

-Тухайлбал, аль тойрогт, хэн гэдэг гишүүн, хуулийн ямар заалтыг зөрчсөн бэ?

-УИХ-ын сонгуулийн 31-р тойрогт нэр дэвшсэн Чойжилсүрэн “Хурд” компанийн ажилчид болох 2000 гаруй царцааг аваачсан. Увс аймагт ардын намын рейтинг 25 хувьтай байхад эдгээр хүмүүс очоод 25 хувийн санал өгчихөж байгаа юм. Ингээд 50 хувийн санал авсан. Увс аймгийнхны сонголт, ирэх дөрвөн жилийн хувь заяаг Улаанбаатар хотын хүмүүс очоод өөрчилчихлөө. Энэ сонгуулиар хууль зөрчих, мөнгө тараах асуудал хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Бохир сонгуулийн төлөөсийг жирийн иргэд, хорвоод мэндлээд 26 хонож байсан бяцхан хүү амиараа төллөө.

-Сонгуулийн бохир сурталчилгаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн. Яг юу болсоныг тодорхой яриач?

-Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн н.Чулуунбаатар, С.Отгонтуяа нарт 100 мянган төгрөг өгч, УИХ-ын 33-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өгөхийг ухуулагчид ятгасан байна. Иргэн С.Отгонтуяа нь тухайн үед амаржаад хорь хонож байсан тул нялх хүүхэдтэй явж чадахгүй гэхэд нь “Жип машинаар явуулна” гэж гэрээс нь авч гарсан байгаа юм. Гэвч тэднийг микро автобусанд суулгаж талдаа 100 гаруй км хол газарт аваачиж саналыг нь өгүүлсэн байна. Төрөөд 26 хонож, эрүүл саруул бойжиж байсан Ч.Б… хүү олон хүнтэй машинд нийт 260 км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орж, бие нь муудан Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн боловч долдугаар сарын нэгний өдөр нас барсан. Эцэг эх хоёрыг нь саналаа өгчих гэж байсан хүн нь эмч хүн. Бидэнд хүн ёс, хүн чанар гэж нэг юм байх ёстой. Энэ бол сонгуулиас илүү үнэ цэнэтэй. Нэг сонгууль, нэг УИХ-ын суудлын асуудал, хоёр хүний санал нэг хүний амьтай тэнцэж байна.

Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?

– Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг нийгэмд амьдарч байгаа учраас хуулинд найдаж байна. Буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэгт  итгэж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар дөрвөн жилийн өмнө ч мөнгө тарааж иргэдийн саналыг авч байсныг нь бид газар дээр нь илрүүлж баримтжуулсан. Гэвч Ч.Хүрэлбаатар тухайн үед өөрийн туслахаа шоронд илгээж өөрөө цэвэр үлдэн, УИХ-ын гишүүн болсон. Гэтэл өнөөдөр хүний аминд хүрчихлээ.

Хуулийг биелүүлэхгүй хөсөр орхивол эргээд ямар их хор нөлөө авчирдаг гэдгийг энэ хэрэг баталж өглөө. Хэрвээ дөрвөн жилийн өмнө Ч.Хүрэлбаатарт зохих шийтгэлийг нь хүлээлгэсэн бол, төрийн эрхийг мөнгөөр худалдаж авч болдоггүй юм гэдгийг нэр дэвшигчдэд ойлгуулж өгсөн бол өнөөдөр ямар ч гэм зэмгүй балчир хүү харуусалтайгаар, зовж тарчлан хорвоог орхихгүй байлаа. Ч.Хүрэлбаатар өчигдөр туслахаа шоронд илгээсэн, өнөөдөр нярай хүүхдийн аминд хүрлээЖирийн иргэд үүний золиос болж байгаад бид эмзэглэж байна. Монголын төр эзэнтэй, эзэн нь ард түмэн гэдгийг харуулж, иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэж Увс аймгийн иргэд үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт ил захидал шаардлага хүргүүлээд байгаа.  Ийм бохир сурталчилгаа, эд мөнгө тараадаг байдлыг бид таслан зогсоож байж илүү шударга төрийг бий болгож чадна.

Ардчилсан нам иргэдийн хуралд ч, УИХ-д ч нэг мөсөн ялагдчихлаа. Үүний шалтгааныг та юутай холбож тайлбарлах вэ?

-Ардчилсан намын удирдлагууд маань амиа бодож, анхан шатны нэгжээ, орон нутгаа сонсдоггүйгээс болж ялагдлаа. Би Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний хувьд УИХ-ын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт зохион байгуулахыг эсэргүүцэж байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад сонгууль зохион байгуулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн явдал болж байна. УИХ-ын сонгуульд иргэдийн төлөөлөгчид чирэгдлээ. Нам засгаа сольдог, хэрэлддэг, бие биенээ огцруулдаг, нам дотроо дайтдаг. Энэ байдлаас ард түмэн залхаж байна. Бидний сул талыг ашиглаж, Ардын намынхан мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авч чадлаа.

Б.Наранчимэг

***

Хууль зөрчсөн сонгуулийн бохир сурталчилгаа хүүхдийн амь насанд хүрч, мөнгө тараалгасан гэм буруутан УИХ-д сууж байгаад бухимдсан Увс аймгийн иргэд Засаг даргаараа дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт ил захидал илгээгээд байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн ил захидлыг Та бүхэнд хүргэж байна.

УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД –д 

Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгуулиар мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.

УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар  мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн  Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй.

Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрөөсний гор өнөөдөр гарч,  Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал дахин давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж,  залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна.   УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр талийгаач хүүгийн ээж О болон түүний нөхөр Ч нарт 100 000 төгрөг өгч, тэднийг гэрээс нь хуурч мэхлэн дагуулж явсан  Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг  Увс аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа бөгөөд Увсын ард түмэн ядарсан иргэдэд хэдэн төгрөг харуулан төрийн эрх мэдлийг гартаа атгаж амташсан Ч.Хүрэлбаатартай ч мөн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд оо… Та бол ард түмний саналаар ялалт байгуулсан Ардын намын дарга хүн. Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байгаа УИХ-ын дарга. Тиймээс Ардын нам шударга байж, Ардын намын төлөө саналаа өгсөн ард түмнийхээ талд үйлчилж, хууль зөрчин, бусдын амь насыг  хохироосон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг Увс аймгийн иргэд сонгогчид шаардаж байна.

Увс аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл

Эх сурвалж: shudarga.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …