“Азийн хүүхдүүд 2016” Олон улсын хүүхдийн спортын VI наадам ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотноо энэ сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж, Ази тивийн 40 орны 4000 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна.
Монгол Улсын баг тамирчид энэхүү наадамд анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн наадмын бэлтгэлийг хангуулахад Засгийн газрын зүгээс онцгойлон дэмжиж ажиллан, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаагаар ахлуулсан нийт 201 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг илгээгээд байна.
Сайд С.Ламбаа тэргүүтэй албаны төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхий сайд Д.И.Медведев, ОХУ-ын Саха Улсын Ерөнхийлөгч Егор А Борисов, ОХУ-ын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч А.Д.Жуков, ОХУ-ын Спортын яамны Дэд сайд Марина Томилова, Саха Улсын Хурлын дарга А.Жирков, Саха Улсын Спортын сайд М.Д.Гулаев нарын албаны хүмүүстэй уулзалт хийж, “Азийн хүүхдүүд 2020” наадмын зохион байгуулалт, хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, ярилцлаа.
Тус наадмыг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын анхны Ерөнхийлөгч Михаил Николаевын санаачлагаар 1996 онд анх зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө 6 дахь удаагаа ОХУ-ын Сахад зохиогдож байгаа юм. Уг наадамд Ази тивийн 40 гаруй орны 4500 гаруй өсвөрийн тамирчид багш, дасгалжуулагчдынхаа хамт спортын үндсэн 15, нэмэлт 5, нийт 20 төрөлд 10 өдрийн турш өрсөлддөг бөгөөд спортын томоохон наадамд тооцогддог болоод байна.
Монгол Улсын хувьд уг наадмыг эхнээс нь идэвхитэй дэмжиж, 5 удаагийн наадамд баг тамирчдаа алгасалгүй оролцуулж ирсэн ба манай өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг чухал ач холбогдолтой наадмын нэг болсон. Энэ наадмаас манай олимп, тив, дэлхийн шилдэг тамирчид болох Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Э.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олон шилдэг тамирчид төрөн гарсан байдаг.
Мөн өнгөрсөн таван удаагийн наадмын гурван удаагийнхад оролцохдоо гадны агаарын тааврийн онгоцоор зорчиж байсан бол энэ удаа анх удаагаа үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниар үйлчлүүллээ.
Эрүүл мэнд спортын яам