Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг гавьяат жүжигчин цолоор шагналаа.
Шагнал гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт хатагтай, ноёд оо,
Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын нэртэй зүтгэлтнүүд, Монголын шинэ түүхийг бичилцэж буй багш, эмч, барилгачин, уурхайчин, хуульч, зураач, үйлчилгээний ажилтан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн-иргэддээ төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ жил нар хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Монгол төрийн түүхийн дөрвөн тэгш ой тохион, Монголчуудын үндэсний бахархлыг бадрааж байна. Өрнөх ирээдүйд хийж бүтээх урам зоригийг өргөсөн үндэсний их баяр наадам маань хаяанд ирлээ.
Монгол наадам бол бидний монгол соёлын их чуулган юм. Газар газрын монголчуудын оюун санааны нэгдэл, монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл хосолсон баяр наадмаараа хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавьяа зүтгэлийг ийнхүү үнэлэн урамшууллаа.
Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе” гэлээ.