Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөвдүгээр ээлжийн цэргийн багийнхан үндсэн үүргийнхээ хажуугаар эх орон, үндэсний соёл уламжлалаа дэлхийн орнуудын цэрэг эрст танилцуулж, сурталчилсан байна.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон Афганистан Улсын Мазар-И Шариф хотын “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ. Үндэсний бөхийн барилдаанаас гадна гадаадын цэргүүдийн дунд монгол ардын урлагийг сурталчилсан шагайн харваа, алаг мэлхий өрөх, чанга шивнээ хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.
Төгсгөлд нь дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн урлагийн хэсэгчилсэн концертыг гадаадын орнуудын цэрэг эрст сонирхуулж, үндэснийхээ хоолоор дайлжээ.
Энэхүү арга хэмжээнд Хойд бүсийн командлагч, бригадын генерал Хартмут Ренк, “Мармал” баазын захирагч, дэд хурандаа П.Доомен нар оролцож үндэснийхээ соёл уламжлалыг сонирхуулсанд талархлаа илэрхийлээд “Монгол хэмээх ямар аугаа улс болохыг дайчин эрсийнх нь замналаас харж болохоор байна” хэмээн онцолсон байна. Эх орон, Үндэсний баяр наадмаа сурталчилсан энэхүү арга хэмжээний үндэсний бөхийн барилдаанд 32 алба хаагч маань эр бяраа сорин барилдсанаас Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэслэгч Ч.Гомбосүрэн түрүүлсэн бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч Т.Баярцогт үзүүрлэжээ.
Батлан хамгаалах яам